Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар шинээр улсын арслан нэг, улсын гарди нэг, улсын харцага хоёр, улсын начин хоёр төрлөө.
Тэдний ихэнх нь улсын цолтон цөөн нутгаас шинэ цолын босго алхсан юм. Тодруулбал Баянхонгор аймгийн Жинст сумаас улсын начин Э.Батмагнай арслан цолтой болсон бол Сүхбаатар аймгийн Онгон сумаас аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр шууд улсын гарди болсон билээ.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Дорнод аймгийн Баян-Уул сумаас аймгийн арслан Мөнхжаргалын Бэлгүтэй нар начныг алгасаад шууд харцага цолтны гэр бүлд багтсан.
Дорноговь аймгийн Айраг сумын бөх аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж, Хэнтий аймгийн Жаргалтхаанаас аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс нар начин болсон юм.
Тэдгээрээс зарим бөхийг нь онцолъё.
Энэ наадмын түрүү бөх Энхтүвшингийн Батмагнай бол Баянхонгороос улсын цол авсан 24 дэх, Жинст сумынхаа анхны бөх юм. Тэр ийм амжилтыг гурван жилийн өмнө буюу 2022 онд үзүүлж, улсын начин хэмээх эрхэм цолын эзэн болсон түүхтэй.
Тэгвэл өдгөө 24 настай залуу начин энэ жилийн баяр наадмаар гурваас есийн даваа хүртэл нийт 25 минут "зарцуулж" учраа бүрээ төвөггүйхэн өвдөг шороодуулсаар Хонгор нутгаас 76 жилийн дараа улсын наадмын түрүүг хүртсэн хоёр дахь бөх болов. Ард олондоо "Нисэхийн" хэмээн алдаршсан Пагмын Аюуш арслан 1949 оны наадамд түрүүлж, улсын арслан болсон амжилтыг шинэ арслан давтсан юм.
Түүнээс өмнө наадмын үзүүр түрүүнд үлдсэн хүн бол Пунцагийн Сүхбат гарди. 1991 онд дархан аварга Б.Бат-Эрдэнийн дөрөв дараалан түрүүлсэн (1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг оруулаад) амжилтад завсар оруулсан П.Сүхбат тэр жилээ үзүүрлэсэн билээ.
Мөн улсын начин цолоос шууд улсын арслан цолд хүрсэн зургаа дахь бөх болсон. Түүнээс өмнө 1942 онд Ө.Чүлтэмсүрэн, 1956 онд Д.Дамдин, 1961 онд С.Цэрэн, 1962 онд Д.Жамц, 1985 онд Б.Ганбаатар, 2008 онд Д.Ганхуяг нар ийм амжилт үзүүлсэн юм.
Төрийн их баяр наадмын үзүүр бөх Нямдоржийн Өсөхбаяр улсын гарди цолд хүрч буй 14 дэх бөх. Мөн аймгийн арслан цолоос үзүүр, түрүүнд үлдсэн хоёр дахь тохиолдлын эзэн. Түүнээс өмнө 2012 онд П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтой шууд улсын наадамд түрүүлж байв.
Түүнчлэн Сүхбаатар аймгаас төрж буй 17 дахь улсын цолтон, анхны гарди нь юм. Тус аймгаас өмнө нь улсын заан цолтон нь л хамгийн том нь байв.
Дорнод аймгийн Баян-Уул сумаас анхны улсын цолтон нь Мөнхжаргалын Бэлгүтэй болов. Нутгийн заан Д.Анараар тав давсан М.Бэлгүтэй зургаагийн даваанд энэ наадамд түрүүлэх бөхчүүдийн тааварт орж байсан улсын арслан Б.Орхонбаярыг давж, шинээр харцага болсон юм.
Тэрбээр Дорнодоос төрсөн 21 дэх улсын цолтон. Тэр дундаа одоогоор цор ганц харцага цолтой нь болж байна.
Дорноговь аймгаас хамгийн сүүлд 2007 онд А.Цацабшир начин, 2011 онд харцага болсноос хойш цолтон төрөөгүй "цангааг" аймгийн арслан М.Бямбадорж тайлж, улсын начин болсон юм.
Өдгөө 34 настай М.Бямбадорж улсын цолын босго алхсан аймгийнхаа ес, Айраг сумынхаа анхны бөх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!