Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэл авто зам, замын байгууламж шинээр барих ажил энэ сарын 16-нд эхэлжээ.
Бүтээн байгуулалтын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодруулахад "Тоньюукукийн цогцолбор газраас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэл шинээр авто зам тавих ажлыг энэ сарын 16-наас нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Уг төсөл нь хоёр трасстай бөгөөд нийт 8.4 километр авто замыг шинээр барих юм.
Үндсэн зам буюу Тоньюукукийн цогцолборын авто замаас цааш Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэл хоёр эгнээтэй, 4.4 километр замыг тавих ажлын явц 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг зам хоёр талдаа хөвөөтэй, үерийн далантай, гурван байршилд зам доогуур хөндлөн ус зайлуулах хос хоолой баригдана.
Хоёр дахь трасс болох Плэйтайм аялал жуулчлалын цогцолборыг тойрсон 4 километр авто замыг тавих ажил эхлээгүй байна. Цогцолбор нь таван хаалгатай бөгөөд тойрсон авто замууд нь тус хаалга руу хүрэх юм. Явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байна.
Нийт төслийн гүйцэтгэл 20 гаруй хувьд хүрсэн.
Авто замыг барих бүтээн байгуулалтыг "Чамбайзам" компани гүйцэтгэж байна. Тус компани туршлага сайтай, хүн хүч, машин механизм олонтой тул Тоньюукукийн цогцолборын авто замаас цааш Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх 4.4 километр үндсэн замыг наймдугаар сард, цогцолборыг тойрсон 4 километр замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Плэйтайм наадам өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан 14:00 цагаас бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоож, хөдөлгөөнийг нээнэ. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани бэлтгэл ажлаа хангана. Ухмалын ажил дууссан тул Плэйтайм наадмыг зорих иргэдийг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ сайжруулсан шороон замаар зорчуулна.
Наадмыг зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тоньюукукийн цогцолборын авто замаас цааш Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх замыг сайжруулж, эгнээг тусгаарласан байгаа. Тус наадмыг 40,000 орчим иргэн үзэх гэж зорьдог байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!