2025 онд Улаанбаатар хотын нийт 23 байршилд 14 километр дулааны шугам, тоноглолыг өргөтгөх болон шинээр угсрах юм байна.
Энэ тухай “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр "Энэ онд дулааны 16 магистраль шугамыг есөн байршилд зогсоож, засвар үйлчилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
“УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар зургаа, Дэлхийн банкны санхүүжилтээр найм, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр нэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тав, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөх юм.
Авто замын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан есөн байршлын шугамыг хэсэгчлэн зөөж, шилжүүлнэ.
Нийслэл хотод нийт 23 байршилд дулааны шугамыг шинэчлэн солино.
Тухайлбал 1986 онд ашиглалтад орсон Зам тээврийн яамны урд талын 197 метр, Нарны зам дагуух "МТ" ШТС-аас зүүн тийш 245 метр, Гранд плаза буюу Төмөр замын удирдах газрын хойд талын 30 метр, Сонгинохайрхан дүүрэг дэх "Их засаг" дээд сургуулийн оюутны байрны баруун талын, ХӨСҮТ-ийн хашааны орцны хэсгийн дулааны шугамыг шинэчилнэ.
Дулааны шугамыг шинэчлэх үеэр иргэд хүлээцтэй хандаж, бидний ажлыг дэмжиж өгөхийг хүсье" гэв.
2025 оны тавдугаар сарын 15-наас дулааны шугамыг шинэчлэх ажлыг эхлүүлж, айл өрх, ААН-үүдийн халуун усыг хязгаарлах хуваарийг ЭНД дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|