Элсэлтийн Шалгалтыг 2026 оноос эхлэн заавал судлах болон сонгон судлах агуулгын хүрээнд I, II, III түвшинтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байсан.
Гэвч уг өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2028 он хүртэл болгож хойшлуулснаа Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр мэдээлэв. Ингэснээр 2028 он хүртэл Элсэлтийн Шалгалт өнөөгийн хэв байдлаараа зохион байгуулагдахаар болов.
Мөн их, дээд сургуульд элсэн суралцагчдын заавал хамрагдах ёстой байдаг монгол хэл бичгийн шалгалтыг 10 дугаар ангид орж байгаа сурагч өөрт тохиромжтой үедээ өгөх боломжийг нээсэн байна. Тодруулбал 10 дугаар ангидаа монгол хэл бичгийн шалгалтын босго 400 оноогоо авсан бол тухайн оноо насан туршид нь хүчинтэй. Харин босго оноогоо даваагүй бол 12 дугаар анги төгстлөө өгөх боломжийг бүрдүүлснийг Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Г.Гантуяа хэллээ.
Сурагчид 10, 11 дүгээр ангидаа монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах бол 10,000 төгрөгийн хураамж төлнө. Хэрэв 12 дугаар ангидаа уг шалгалтад хамрагдах бол үнэ төлбөргүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!