Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэс баялгийн салбар -2025”: Уул уурхайн салбарыг ирэх 10 жилд зөв хөгжүүлье

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн яамнаас зохион байгуулж байгаа “Эрдэс баялгийн салбар -2025” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд эхэллээ. Хэлэлцүүлгийн гол зорилго нь ирэх 10 жилд буюу 2025 он хүртэл уул уурхайн салбарыг хэрхэн үр өгөөжтэй, зөв ашиглах гарцыг олох явдал юм.

Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэв. Тэрбээр “Ойрын 10, 20 жилд энэ салбар манай гол зонхилох салбар байна гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болжээ. Энэ ойлголтыг төлөвшүүлэхэд та бидний үүрэг, хариуцлага чухал байна. Иргэд яагаад уул уурхайн салбарт сөрөг хандаж байна вэ.

Бид иргэдийнхээ саналыг сонсож, уул уурхай хөгжснөөр танд, бидэнд, Монгол Улсад ийм үр ашиг авчирна гэдгийг ойлгуулж чадахгүй байгаагаас үүдэж байна” гэсэн юм.

Түүнчлэн хариуцлагагүй олон үйлдэл иргэдийн санааг зовоож байгааг дурдсан. Тухайлбал,

  • Уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийхгүй байна
  • Нэг юм ухаж хаяачихаад яваад өгч байгаа нь  нутгаа гэсэн иргэдийг бухимдуулж байна гэсэн.

Харин уул уурхайн салбар яагаад чухал гэдгийг тодорхойлохдоо,

  • Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний салбарын 60 гаруй хувь
  • Хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь
  • Экспортын 85 хувь нь манай энэ салбарт оногдож байгааг хэлэв.

Ерөнхий сайдын хэлж буйгаар уул уурхайн салбар чухал гэдэгтэй хэн ч маргахгүй бөгөөд уул уурхайгаа ашиглаад ард иргэд нь чинээлэг болж, улс орон нь хөгжсөн сайхан жишээ олон байгаа гэсэн юм.

Монгол Улс алт, зэс, нүүрсээрээ дэлхийн хэмжээнд эхний аравт багтаж байна

Мөн тэрбээр Африкийн хоёр, гурван орныг жишээг авч, яаж болохоо байсан тухай ярих бус яаж болж бүтсэн талыг нэлээн сайн ярих учиртайг онцолж байв. Жишээлбэл, Канад, Австралийн орнууд уул уурхайн салбараас ихээхэн ашиг олж, түүний хэрээр хөгжин цэцэглэжээ.

Эрдэс баялаг, уул уурхайн салбарын чуулганыг Ерөнхий сайд ийн эхлүүлсэн бөгөөд түүний дараа Уул уурхайн сайд Д.Ганхуяг чуулганы үндсэн илтгэлийг тавилаа.

Түүний илтгэл,

  1. Эрхзүйн орчны хувьсал
  2. Өнөөгийн байдал
  3. Хөгжлийн стратеги
  4. Урилага гэсэн хэсгүүдээс бүрдсэн.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас дараах ажлуудыг хийж байгаа аж.

  • Төрөөс эрдэс баялагийн салбарт баримлах бодлого (эцсийн хэлэлцүүлэгт байгаа)
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль (баталсан)
  • Газры тосны тухай хууль (хэлэлцүүлэгт байгаа)
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль (өргөн барихаар зэхсэн)
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах (өргөн барина)
  • Газрын хувлийн тухай хууль (өргөн барина) 

Монгол Улс хаана явна

Салбарын сайдын илтгэлээс голлох ашигт малтмалын байр сууриараа  Монгол Улс хаана байгааг тодхон харахаар байв. Эндээс үзэхэд манай улс алт, зэс, нүүрсээрээ дэлхийн хэмжээнд эхний аравт багтжээ.

Төрөл

Хэмжих нэгж

Нөөц баялаг

Дэлхийд эзлэх байр

Алт

тн

2,493.50

Эхний аравт

Мөнгө

мян/тн

92.9

 

Зэс

сая/тн

117

Эхний аравт

Молибден

мян/тн

1,012.00

 

Цайрын хүдэр

сая/тн

49

 

Төмрийн хүдэр

мян/тн

1,166.30

 

Хайлуур жонш

сая/тн

3.8

 

Нүүрс

тэрбум/тн

173.30

Эхний аравт

 Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилгын нэг нь УИХ, ЗГ, яам, агентлаг, аймаг, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүд, ард иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж гаргасан УРИАЛГА-ыг түгээх юм. 

Ард иргэд, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудад:

1.Монголчуудын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эх орны тогтвортой хөгжлийн төлөө эрдэс баялгийг зохистой ашиглахад үнэн, зөв мэдээлэлд тулгуурлан хяналт тавьж бүтээлчээр хамтран ажиллах,

2.Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж орлогын хуваарилалт, хүртээмжийг ил тод байлгахад хяналт тавьж хамтран ажиллах,

З.Эдийн засгийн улгуур салбарын хөгжлийн асуудлаар улстөржихгүй байж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилах, хуулийг дээдлэх зарчим баримтлах, улмаар салбарын хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд нэгдмэл байр суурьт хүрдэг байхаа олон нийтийн өмнө хамтран мэдээлэх.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, холбогдох төрийн байгууллагуудад:

1.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдан гарахтай холбогдуулан Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулга мөнАшигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж тогтвортой мөрдүүлэх, улмаар салбарын хууль эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгож эхлэх,

 2.Эрдэс баялгийн салбарын хөгжилтэй уялдуулан эрчим хүч, зам, тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулж эрдэс бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах,

3.Дотоодын хэрэгцээний эрчим хүчний нүүрсний үнийг чөлөөлж, эрчим хүчний үнэд төрийн зохицуулалт хийх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, гадаад худалдаанд нэгдсэн бодлого баримтлах, улмаар экспортын бүтээгдэхүүнийг биржийн үнэд үндэслэн худалдах нөхцлийг бүрдүүлэх, экспортын бүтээгдэхүүнд ноогдуулж байгаа татвар хураамжийг оновчтой, өрсөлдөх чадвартай болгох чиглэлээр ажиллах,

4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх.

Аймаг, орон нутгийн удирдлагуудад:

1.Хууль ёсны үйл ажиллагааг дэмжиж, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг буруулах болон бусад холбогдох асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй харилцан үр ашигтай ажиллах,

2.Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, дахин давтуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах.

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд:

1.Үйлдвэрлэн   гаргаж буй бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх талаар анхаарч хариуцлагатай, ил тод ажиллах,

2.Үйлдвэрлэлийн бүтээмжийг ахиулж, өртөг зардлыг бууруулан, боловсруулалтын түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингээх чиглэл баримтлах,

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тэргүүн зэргийн зорилт болгохын зэрэгцээ ажиллах хүчнийхээ ур чадвар, мэргэжил, боловсролыг ямагт дээшлүүлэн өрсөлдөхүйц хэмжээний цалин, хөлс олгодог болоход анхаарч ажиллах,

4.Шинэ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудалд онцгой анхаарч ажиллах.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад:

1.Эрдэс баялгийн салбарын талаарх мэдээллийг олон нийтэд бодит мэдээлэлд үндэслэн үнэн зөвөөр хүргэхэд анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,

2.Сайныг сайшаан дэмжиж, саарыг шахан зайлуулахад анхаарч ажиллах зэргийг дурджээ.

Зураг
13 | 18 | 18 цаг