УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 1-р сарын 28-ны өдөр “Монгол Улсын 2025 он ба дунд хугацааны эдийн засгийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
АмЧам Монголын оны анхны хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, Үнэт Санхүүгийн Группийн ТУЗ-ын дарга Д.Бадрал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми нар панелистаар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн дэд тэргүүн Б.Баттүшиг хэлэлцүүлгийг удирдан явуулав.
Уг хэлэлцүүлгээр 2025 ба дунд хугацааны эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, тэдгээрийг хэрхэн давах тухай санал солилцов.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг 2025 онд өсөлттэй төсөөлөл бүхий алдагдалгүй төсөв батлагдсан хэдий ч анхааралдаа авах хэд хэдэн хүчин зүйлс байгаа ба үүнд геополитик, хөрш Хятадын талаас нүүрсний эрэлт, шинээр сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчийн бодлого зэрэг нь нөлөөлөх магадлалтай” гэлээ.
Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын явц, хөрөнгө оруулалтын хараат бус зөвлөл байгуулахаар зорьж байгааг онцолж, татварын багц хуулийг хэлэлцэх, зохих хууль журмуудыг тухай бүрд нь шинэчлэх болон татварын бус байдлаар хөрөнгө оруулагчдыг татах зэрэг олон ажлуудыг хийхийг зорьж байгааг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “2025 онд хэд хэдэн сорилтууд байгаа, гол анхаарах асуудал бол инфляцтай холбоотой, эдийн засгийн өсөлт иргэдэд өгөөжтэй байх талын бодлогыг баримтлах хэрэгтэй” гэв.
Мөн зайлшгүй анхаарах ёстой зүйл бол гадаад валютын ханш юм. “Гадаад экспортын зонхилох дүн нь нүүрснээс хамааралтай ба 2025 онд 83 сая тонн экспортлох, 1,7 сая тонн зэс экспортод гаргах зорилт, төсвийн төлөвлөгөө зэрэг нь манай улсын эдийн засагт нөлөөлөх болно” гэлээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми дүгнэхдээ “Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад одоогийн тодорхой бус байдал хамгийн том эрсдэлийг авчрах, улмаар аливаа гэнэтийн шийдвэрүүд нөлөөлж болзошгүй, гэсэн хэдий ч өөр шинэ давуу талуудыг үүсгэх боломжтой гэж харж байна” хэмээв.
Үнэт Санхүүгийн Группийн ТУЗ-ын дарга Д.Бадрал “2025 оны хувьд, тэр дундаа хөрөнгө оруулалтын хувьд өмнөх жилүүдээс харьцангуй таатай байхаар харагдаж байгаа ба бололцоо, нөхцөл сайжирсан гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэхийн тулд, бизнес эрхлэгчид, төсөв захиран зарцуулагч талууд урсгал зардалд илүү анхааралтай хандах хэрэгтэй” гэлээ.
Тэрээр мөн “энэ жил бол хариуцлагатай ажиллах жил” гэж онцлов. Хэдийгээр засгийн газар 2025 оны төсвийг алдагдалгүй баталсан ч мега төслүүдийг амжилттай эхлүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай тулж байна.
Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн орчныг улам сайжруулахын тулд Монгол Улс хууль эрхзүйн орчныг тогтмол сайжруулах, маргаан шийдвэрлэлтийг ил тод болгох, бодлогын уялдаа холбоог хангах зэрэг ажлуудад анхаарах ёстой гэж АмЧам Монголын зүгээс онцлов.
Уулзалтын төгсгөлд шинээр элссэн гишүүд болох “United Airlines”, “Amway Mongolia”, “Millenium Challenge Account – Mongolia”, Unet Financial Group компаниудад баяр хүргэж, гишүүнчлэлийн сертификат гардуулав.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!