Уншиж байна ...
Зураг
Зураг

Их Британийн гол улс төрийн намыг анх удаа хар арьстан эмэгтэй удирдахаар боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Их Британийн Консерватив нам шинэ даргаараа Кеми Баденокыг сонголоо.

Тэрбээр Британийн улс төрийн гол намыг удирдах анхны хар арьстан эмэгтэй болж байна.

Өнгөрсөн долдугаар сард болсон сонгуульд Консерватив нам ялагдал хүлээж, ерөнхий сайд асан Риши Сунак намын даргын суудлаас огцрох болсон юм.

44 настай Баденок харьцангуй төв чиглэлд хазайгаад байгаа Консерватив намын үзэл баримтлалыг  үндсэн замд нь оруулах буюу барууны үзэл баримтлалд нь шилжүүлэхээ амласан байна.

Сүүлийн сар орчим хугацаанд зургаан нэр дэвшигч Консерватив намын даргын суудалд өрсөлдсөнөөс сүүлчийн шатанд Баденок 57 хувийн саналаар өрсөлдөгчөөсөө тэргүүлжээ.

Түүнтэй өрсөлдсөн цагаачлалын сайд асан Роберт Женрик намын гишүүдийн 43 хувийн санал авсан байна.

Одоо эрх барьж байгаа Хөдөлмөрийн намын ерөнхий сайд Кир Стармер “Уэстминстерийн улс төрийн намыг анх удаа хар арьстан эмэгтэй удирдахаар болсон нь манай орны хувьд бахархалтай үйл явдал юм” гэж мэдэгдээд Баденокт баяр хүргэжээ.

Энэ оны эхээр болсон Консерватив намын бага хурлын үеэр Баденокоос тус намын анхны хар арьст эмэгтэй удирдагч болбол ямар мэдрэмж төрөхийг нь асуухад “Би арьсны өнгийг үсний болон нүдний өнгөнөөс дээгүүр тавьдаг хүн биш” гэж хариулж байв.

Долдугаар сард болсон сонгуулиар Консерватив нам 650 суудалтай парламентын 365 суудлаа 121 болгон бууруулсан юм.

Тиймээс Баденокт намаа сэргээн босгох, 2029 оны парламентын ээлжит сонгуульд ялуулах хүнд даалгавар оногдож байна.

 

Эх сурвалж: Reuters