Нийслэлийн иргэдийг өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байлгах талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад бэрхшээл тулгарсан. Давхардсан тоогоор 1.9 сая хэрэглэгч цахилгаан хязгаарлалтад орж, энэ тоо 2025 оны өвөл хоёр дахин өсөх судалгаа байсан. Тиймээс 2025 оны өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлж нийслэлээс урьд өмнө хийж байгаагүй дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулснаар нөхцөл байдлыг шийднэ гэж үзэж байгаа. Тухайлбал Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбосноор цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлнэ.
Гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэргийг судалж байна.
Мөн тодорхой байршлуудад цахилгаан хэмнэлттэй тоолуурыг байршуулах, дутагдаж байгаа эх үүсвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, гэр хороололд тусгайлсан дулаан эрчим хүчний багц гаргах зэрэг ажлыг зохион байгуулж байна" гэв.
Цахилгаан хангамжийн 2,755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, 6-10 кВт-ын 257 ажлыг цахилгаан дамжуулах шугам сүлжээнд нийлүүлжээ. Ингэснээр цахилгаан хангамжийн өвлийн бэлтгэл 94.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!