Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон байдаг. Уг шийдвэртэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд/ЗХУТ/ шилжүүлэхээр болжээ.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өчигдрөөс түр зогсоожээ. Тодруулбал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс/АТҮТ/ олгодгийг болиулж Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвд шилжүүлж буйг албаныхан мэдээлэв. Хоёр байгууллага ажил хүлээлцэж дуусах хугацааг мэдээлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750,000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол сэргээгдэх магадлалтай 55,400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй аж.

Эдгээр 55,400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон байна. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэнэ. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800,000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох тооцоолол гарчээ.