Голын усны түвшин нэмэгдсэн байгааг НОК-оос мэдээллээ.
Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Бороо орсны дараа гол усны түвшин нэмэгдсэн байдалтай байна.
Өчигдөр өглөө 08:00 цагийн байдлаар Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг 82см-ээр давжээ. Үүнээс үүдэж АСЕМ Вилла орчим, Туул гол дагуу задгай хэсгээр ус хальсан. Маршалын гүүр орчмоор ус халих эрсдэлтэй байсныг шуурхай арга хэмжээ авсан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон дахь "Монгол шилтгээн" цогцолборын орчмоор голын ус татмаа дагаж тэлсэн байдалтай байна.
Бороо тогтсон ч голын усны түвшин үерийн аюултай түвшинд хэвээр байгаа тул иргэд голын ай саваар аялахгүй байх, айл өрх, ААН-үүд үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөе.
Өнөөдрийн байдлаар Дунд, Сэлбэ голын дагуух лаг хагшаас, мод бутыг зөөвөрлөх, Био комбинатад Туул голын үерийн даланг хүчитгэх ажил үргэлжилж байгаа бол нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд тогтсон усыг соруулж, ариутгалыг зохион байгуулж байна" гэв.
Зургаадугаар сарын 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!