Уншиж байна ...
Зураг
Зураг

"Үхэл, амьдралтай тэмцэж байсан хүүхдүүд рүү хугацаа нь дууссан эм шахдаг байжээ. ЭМЯ-ны удирдлагуудад бизнес нь чухал"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг Монгол Ньюс мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, байр сууриа илэрхийлнэ.

Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж, эмийн шахаа хийж, эмийн сан эзэмшиж буй асуудлын хүрээнд ярьсан юм. 

"Хүнлэг биш сэтгэлтэй хүмүүс яагаад эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг удирдаж байна вэ"

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг "УИХ-ын гишүүдээс бүрдсэн түр хороо эмийн сонсгол зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг сонслоо. 

Энэ үеэр

  • Хөлдүү тарианы уусмалыг гэсгээгээд хүмүүст тарьж байсан.
  • Хугацаа дууссан оношлуурыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д шилжүүлсэн.
  • 20 хон хувийн мэдрэг чанартай оношлуурыг хүнд хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл 10 хүнд хэрэглэхэд хоёр хүнд нь нөлөөлөх хэмжээний мэдрэг биш оношлуурыг хүнд хэрэглэсэн зэрэг мэдээлэл яригдлаа. 

Эрүүл Мэндийн Яам бол биднийг удирдах ёстой төрийн захиргааны дээд байгууллага. Гэтэл ийм хүнлэг биш сэтгэлтэй хүмүүс яагаад эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг удирдаж байна вэ. Энэ бол үнэхээр харамсмаар асуудал. 

Эмнэлгийн байгууллага дампуурчээ гэдэг үгийг сонсоод эхлээд миний сэтгэл эмзэглэсэн. Яагаад гэвэл эм шахсан асуудал бол өдөр, шөнөгүй хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартай холбоогүй. Тэднийг хэлмэгдүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь эмч нар гаднаас эм оруулж ирдэггүй. 

Гадаадаас оруулж ирсэн эм чанартай юу, үгүй юу гэдгийг эмч нар шинжилдэггүй. Харин хүнд өвчтөн ирсэн тохиолдолд "арай үйлчилгээ сайтай энэ эмийг олоод ирээч" гэж ар гэрт нь захисныхаа бурууг эмч нар хүлээдэг.

Хамгийн гол нь биднийг удирдаж байгаа сэтгэлгүй, хүн чанаргүй Эрүүл Мэндийн Яамны эрх мэдэл бүхий түшмэд, мафийн бүлэглэлүүд байна" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Миний бие Өргөө амаржих газарт хоёр жил гаруй хугацаанд захирлаар ажилласан. Ингэж ажиллаж байхад намайг үйлчлүүлэгчийг дэмжлээ, архитай тэмцлээ, ажлаа хий, хариуцлагатай бай, ёс зүйн хариуцлага алдсан гэж тушаал гаргасан байдаг. 

КОВИД-ын хүнд нөхцөлд манай хамт олон 2,000 гаруй эхийг төрүүлсэн. Ураг, нярайн эндэгдлийг улсын дунджаас гурав дахин бага хэмжээгээр барьж байлаа. 

Гэтэл эмийн сонсголын үеэр "Өргөө" амаржих газрын Ж.Энхцэцэг захирал эхийн эндэгдэл гаргасан учраас хариу арга хэмжээ авсан гэж нэр бүхий гишүүн тайлбарласан. 

Би ажиллах хугацаанд ийм асуудал гараагүйг баттай хэлж байгаа" хэмээн тайлбарлав. 

"Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг шүүхэд өгнө"

УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Би бүх процессыг мэдэж байгаагийн хувьд байр сууриа илэрхийлж байна. 

Нэгдүгээрт Ж.Энхцэцэг захирал ёс зүйн асуудлаар халагдсан. Тэр ёс зүйн асуудал нь юу вэ гэхээр үйлчлүүлэгчийг дэмжих алба байгуулсан, үйлчлүүлэгчтэй илүү дотно харилцдаг болсон, "Өргөө" амаржих газрын худалдан авч байгаа эм, тариа зүй ёсны тендерээр орж ирсэн үү гэдгийг хянадаг болсон. 

Хэн нэгний шахсан эмийг ямар ч тендергүй авахыг ор тас хориглосон. Энэ нь салбарын сайдын бизнест халдаж эхэлсэн юм байна гэдэг нь эмийн сонсголоор тодорхой болж байгаа юм.

Түүнчлэн "Өргөө" амаржих газарт архи оруулахыг хориглосон. Энэ мэтчилэн хатуу хариуцлагатай ажиллаж байсны төлөө ёс зүйн асуудалтай хэмээн халсан.

Гэтэл өнөөдөр Ж.Энхцэцэг ёс зүйн асуудалтай гэдэг дүгнэлт гаргасан Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга нь өөрөө эмийн компанитай. Эмээ шахдаг хүн байсан байна. ЭМЯ-ны дэд сайд С.Энхболд өөрөө эмээ шахдаг байжээ.

Ёс зүйн асуудалтай гэж хүнээ халсан удирдлагуудын ёс зүй хаана байна вэ?

Ж.Энхцэцэг захирлыг нэг жил найман сар ажиллах хугацаанд огт эхийн эндэгдэл гараагүй. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт. Гэтэл хоёр ээж эндэх нь Ж.Энхцэцэгийн үед болсон мэтээр тайлбарлаж байгаа нь яг үнэндээ хүн амины хэрэгт холбогдуулж байгаагаас ялаагүй. Тиймээс энэ асуудлаар С.Энхболд сайдыг шүүхэд өгнө" хэмээв. 

"29 тэрбум төгрөгийн эмийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд шахсан байна" 

Түүнчлэн "Өнөөдөр ЭМЯ, салбарын удирдлагуудын ёс зүй ямар вэ гэдгийг эмийн сонсголоор сайн харж авлаа.

Тэд нар хугацаа нь дууссан эмийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) рүү явуулдаг байж. Эмч нар хамгийн хүнд өвчтэй хүүхдүүдийг тийшээ явуулдаг шүү дээ.  Гэтэл тэнд үхэл, амьдралтай тэмцэж байгаа хүүхдүүд рүү хугацаа нь дууссан эмээ шахдаг байсан юм байна. Тэдэнд бизнес нь илүү чухал байжээ.

29 тэрбум төгрөгийн эмийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өөрөө шахсан байна. Гэтэл эм шинжилдэг лаборатори оруулж ирэхэд зургаахан тэрбум хэрэгтэй байсан. Эмээ өөрсдөө шинжилж, лабораторио сайжруулъя гэж байхад тэд зургаан тэрбумыг харамласан. Зөвхөн холбогдох яамны сайд нь өөрөө 29 тэрбумын шахаа хийсэн байна. Энэ ямар ёс зүйгүй үйлдэл вэ?

Ёс зүйн хариуцлагыг хэнтэй тооцох ёстой юм бэ гэдгийг саяын эмийн сонсгол анагаахын салбарт ил тод илчилж гаргалаа. Эмийн шахаа, техник, тоног төхөөрөмжийн шахаа, олон эмийн сан мэтчилэн шүгэл үлээх асуудал байна" гэлээ.