Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины ерөнхийлөгчийн амь насанд халдах Оросын төлөвлөгөөнд туслах гэж байсан Польшийн иргэн баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Польшийн Жешув-Ясёнка нисэх буудалд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах систем

Оросын цэргийн тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулж байсан өөрийн иргэнийг баривчилснаа Польшийн Үндэсний Прокурорын газар өчигдөр мэдээлжээ.

Польшийн нисэх буудлын нууц мэдээллийг Оросын талд дамжуулахаар төлөвлөж байсан “Павел К” гэж нэрлэсэн уг этгээдийг Лхагва гарагт баривчилсан юм байна.

Тэрбээр Польшийн өмнөд хэсэгт оршдог Жешув-Ясёнка нисэх буудлын мэдээллийг дамжуулах гэж байжээ. Хилийн ойролцоо оршдог уг нисэх буудал нь Украинд үзүүлэх олон улсын зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламжийн гол гарц болдог юм.

Мөн төр засгийн тэргүүнүүд, улс төрчдийн Украин руу орох болон Украинаас гарах гол зам юм байна.

Тиймээс уг нисэх буудал одоо АНУ-ын цэргийн хамгаалалтад байдаг ажээ.

Хэрвээ Оросын талд тагнуулын ажиллагаа явуулсан нь тогтоогдвол Польшийн хуулиар сэжигтэн найман жил шоронд хоригдох ял сонсох юм байна.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Польшийн эрх баригчид Оросын талд тагнуулын ажиллагаа явуулсан хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа.

Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Польш нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжигч улсуудын нэг юм.

Өчигдөр бас Германы прокурорууд тус улсын харьяат орос үндэстэн хоёр эрэгтэйг Оросын талд тагнуулын ажиллагаа явуулсан, тус улс дахь АНУ-ын цэргийн баазад халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн хэрэгт сэжиглэн баривчилснаа зарлажээ.

Дитер С, Александер Ж гэх нэрээр зарласан тэднийг Лхагва гарагт Германы зүүн өмнөд бүсийн Бавари мужийн Байройт хотоос баривчилсан юм байна.

Гол сэжигтэн Дитер С нь Герман дахь АНУ-ын цэргийн баазуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан гэнэ.

Баривчилгааны дараа Германы эрх баригчид Берлин дэх ОХУ-ын элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлжээ.

“Германы нутаг дэвсгэрт терроризм үйлдэхийг Путинд яасан ч зөвшөөрөхгүй” гэж тус улсын гадаад хэргийн сайд Анналена Баербок сошиал хуудсандаа бичсэн байна.

Хариуд нь Берлин дэх ОХУ-ын элчин сайдын яам мөн сошиал хуудсаараа “Баривчлагдсан хүмүүсийн төлөвлөгөө Оросын төлөөний хүмүүстэй холбоотой гэх ямар ч нотлох баримт илрээгүй” гэж няцаажээ.

Өчигдөр Брюссель хотноо Европын Холбооны удирдагчдын уулзалтын үеэр канцлер Олаф Шольц “Бид Германы нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж анхааруулсан байна.

Германы прокурорын байгууллагын мэдээлснээр Дитер С нь 2023 оны аравдугаар сараас хойш Оросын тагнуулын албатай холбоо бүхий хүнтэй харилцаж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах боломжийн талаар хэлэлцэж байжээ.

“Тэдний зорилго Германаас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг тасалдуулах байсан” гэж прокурорын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сэжигтэн Александер Ж түүнд 2024 оны гуравдугаар сараас эхлэн Германы зэвсгийн үйлдвэр, АНУ-ын цэргийн баазын талаар мэдээлэл олж авахад тусалж байжээ.

Дитер С нь 2014-2016 онуудад Украинаас салан тусгаарлагдсан Донецкийн Бүгд Найрамдах Улс гэгчийн талд тулалдаж байсныг тогтоосон байна.

Дээрх баривчилгаа Германы дэд канцлер Робер Хабекийн Киев хотод хийж буй айлчлалтай давхацжээ.

“Бид сүрдүүлгийг үл хайхран Украинд их хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж Германы дотоод хэргийн сайд Файсер өчигдөр мэдэгдсэн юм.

“Оросын хүчний аппарат манай улсад анхаарлаа хандуулж байгааг бид мэдэж байна. Бид уг аюул заналхийллийг шийдэмгий эсэргүүцэх ёстой” гэж Германы хууль зүйн сайд Марко Бушманн бас мэдэгджээ.

Герман улс нь Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжийн хэмжээгээр холбоотнуудаас АНУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press