Утаа нь монгол хүний эрүүл, амьд явах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар Анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зохион байгуулав.
Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш угаарын хийн улмаас нас барсан иргэдийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн.
Амьсгалын замын өвчнөөр
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа талаарх эрүүл мэндийн зарим баримтыг тэрбээр танилцуулсан юм.
Энэ талаар хэлэхдээ "Агаарын бохирдолтой, гадаа хүйтний эрч чангарсан өвлийн улиралд хүн амын өвчлөлийн үзүүлэлт улам нэмэгдсээр байна.
Өмнөх онуудтай харьцуулбал 40,000 орчим иргэн нэмж өвчилсөн гэх тоон мэдээлэл гарч байгаа. Энэ бүх эрүүл мэндийн эрсдэлийг мэргэжлийн хүмүүс энгийн иргэддээ хэлэхгүйгээс болоод ойлголт бүрхэг болоод буй. Иймд дараах эрүүл мэндийн тоо баримтыг танилцуулъя.
Тодруулбал
Нийтдээ 15,000 хүн уналт таталттай болсон гэх мэдээлэл бий. Ураг эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн шинээр төрж байгаа хүүхдүүд олдмолоор уналт таталттай болж буй нь сэтгэл зовоосон асуудал" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн "2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан цэвэр түлш хэрэглэх шийдвэр гарсан.
2020 онд Үндэсний Статистикийн Хороо, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн хамтран хийсэн тайланд дурдсанаар PM 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буурсан. Гэвч хүхэрлэг хийн хэмжээ Монгол Улсын агаарын стандартаас 43-57 дахин өссөн гэх дүгнэлтийг хийсэн байдаг.
Иймд агаарын бохирдлын асуудлыг бид зүгээр орхиж болохгүй" гэлээ.
Судлаач, дэд профессор С.Наранбаатар "Амьгүй төрөлт, ургийн гажиг, хорт хавдрын статистик үзүүлэлт цаашдаа өссөөр л байх уу?
Утааг багасгах зорилгоор 2017-2020 оны хооронд 451.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хугацаанд 451 тэрбум төгрөг зарцуулаад үнэхээр агаарын чанар сайжирсан эсэх эргэлзээтэй.
Түүнчлэн 2020-2024 оны оны статистик тоо, эдийн засгийн үзүүлэлт маш өндөр гарч байгаа. Өөртөө хайргүй юмаа гэхэд энхрий бяцхан үр хүүхдэдээ хайртай байцгаая. Энэ асуудалд шийдэл эрж, батлагдсан дүрэм журмын хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатай" гэв.
Сайжруулсан шахмал түлшний найрлагын талаарх сэтгүүлчийн асуултад Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа дараах хариултыг хэлэв.
Тэрбээр "Түлшний найрлагад өөрчлөлт орсон эсэхийг судалсан нотолгоо байхгүй. Үүнийг Засгийн газар хариуцаж эрх үүргийнхээ хүрээнд судлах ёстой.
Энэ төрлийн судалгааг хийхгүй, оношлохгүй байна. Засгийн газар ард иргэдээсээ үнэн бодит байдлыг нуун дарагдуулах оролдлого хийж байна уу? хэмээн хардаж байгаа.
Агаарын үнэр, утаа, бараг хүн болгонд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг угаарын хордлогын шинж чанар хүртэл илэрч байна. Ийм аюулын харанга дэлдээд байхад Монгол Улсын Засгийн газар ямар ч хариу үзүүлэхгүй, иргэдээ үл ойшоож буй нь байж боломгүй, хариуцлагагүй үйлдэл" хэмээн байр сууриа илэрхийллээ.