Зураг
Зураг
Индэр    
Н.Амгалан: Улаанбаатарын агаарт хорт хавдар үүсгэгч ОЦАН-ийн агууламж 2.5 дахин ихэссэн
Зураг
2023 оны 1 сарын 11
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Н.Амгалан: Улаанбаатарын агаарт хорт хавдар үүсгэгч ОЦАН-ийн агууламж 2.5 дахин ихэссэн

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлээд дөрвөн жил болж байна. Гэсэн хэдий ч агаарын бохирдлын асуудал дууссангүй. Судалгаанаас харахад сайжруулсан түлш хэрэглэснээс хойш нийслэлийн оршин суугчид уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдсэн. Өвлийн улиралд гэр хорооллын бүсэд 100 хүн тутамд нэг хүн, хотын төвд 1,000 хүн тутамд найман хүн уушгины хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй байгааг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан хэлсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.   

"Агаар дахь хортой хүнд металлын агууламж ихэссэн шалтгаан нь хэрэглэж буй түлшний найрлага өөрчлөгдсөнтэй холбоотой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Бидний өвөл болгон ярьдаг мөнхийн сэдэв утаа, агаарын бохирдлын асуудал болоод удаж байна. Хэдийгээр гэр хорооллын бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн ч үр дүн ажиглагдсангүй. Гэхдээ нүдэнд үзэгдэж байгаа дүр зургаас илүү бодит судалгаанд тулгуурлан ярилцах нь зүйтэй байх. Энэ чиглэлээр хийсэн сүүлийн үеийн судалгаа бий юу?

-МУИС-ийн Химийн тэнхимийн “Хүрээлэн буй орчны эрсдэлийн үнэлгээ, химийн хэмжил зүй”-н судалгааны баг нь агаар, ус, хөрсний бохирдол, эдгээр гурван мандал дахь химийн бодисын агууламжийг тодорхойлох, бохирдлыг бууруулах, цэвэрлэх, электрокинетик, фиторемедаци, биоремедацийн нөхөн сэргээх чиглэлээр судалгааны олон ажлыг гүйцэтгэж байна.

Миний бие агаарын чанар, гадаад болон дотоод орчны агаарын тоосонцрын бохирдлын химийн найрлага, физик шинж чанар, хувирал, өөрчлөлтийг тодорхойлон, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр судалгааны ажлаа амжилттай өргөжүүлж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, орчин үеийн техник, технологийг ашиглах өргөн боломжууд бүрдэж байна. Үүний нэг тод илрэл нь Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтарсан төслийн багийн бүрэлдэхүүнд орж, Улаанбаатарын агаарын нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-ын физик, хими шинж чанарыг улирлаар судалж байгаа нь агаарын бохирдуулагчдын мониторинг, тархалт, өөрчлөлт, хуримтлал, шилжилт хөдөлгөөнийг судлах боломжийг олгож байгаа практик ач холбогдолтой.

-Шахмал түлш хэрэглэхээс өмнөх агаарын чанар ба хэрэглээндээ нэвтрүүлснээс хойших үзүүлэлтийг харьцуулсан судалгаа манайд хийгдсэн болов уу?

-Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд түүхий нүүрс хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх тушаал гаргаснаар тус оны аравдугаар сараас эхлэн нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлш ашиглаж эхэлсэн. Уг хоригийн үр дүнд 2020-2021 оны өвөлтэй өмнөх таван жилийн хугацаан дахь өвлийн улирлын дундаж PM2.5 тоосонцрын агууламжийг харьцуулахад хоёр дахин буурсан. Гэхдээ хүхэрлэг хийн агууламж 1.9 дахин ихэссэн байна.  

Гэр хорооллын болон хотын төвийн өрхүүдийн дотоод орчны тоосонцрын бохирдлын агууламж, элементийн найрлагыг судалж, шахмал түлш хэрэглэх үеийн дотоод орчны бохирдлын хэмжээг ч тодорхойлсон. Үүнээс харахад түүхий нүүрс хэрэглэж байсан өмнөх онуудтай, сайжруулсан түлш хэрэглэх үеийн РМ2.5 тоосонцрын агууламжийг харьцуулахад гэр хорооллын өрхүүд 1.5-2.2 дахин, хотын төвийн өрхүүд 1.3-3 дахин тус тус багассан дүнтэй байна.

Харин РМ2.5 тоосонцорт 20 элементийн агуулгыг тодорхойлсноос өвлийн улиралд хар тугалгын агууламж манай улсын стандартаас 1.5 дахин их, кадмийн агууламж АНУ-ын Хүрээлэн Буй Орчныг Хамгаалах Агентлаг(ХБОХА)-ын стандартаас 5.1 дахин их байсан. Зуны улиралд никелийн агууламж АНУ-ын стандарт (20 нг/м3)-аас 1.8 дахин ихэссэн үзүүлэлт ажиглагдлаа.

-Эдгээр хүнд металлын агууламж нэмэгдэх нь ямар эрсдэлийг бий болгох вэ?

-Хорт хавдар үүсгэгч хүнд металлууд болох кадми, хар тугалга, никель нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр дотоод болон гадаад орчныг бохирдуулсан байх магадлалтай гэсэн үг. 

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх үед гэр хороолол болон орон сууцны өрхийн дотоод орчинд РМ2.5 тоосонцрын агууламжийг хэмжин, элементийн найрлага, эх үүсвэрийг тодорхойлох зорилготой судалгааны ажил хийсэн. Үүний үр дүнгээс харахад, гэр хорооллын өрхүүдийн дотоод орчны РМ2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж өвлийн улиралд зуны улирлаас 3.3 дахин их, хотын төвийн өрхүүд 2.7 дахин их байв. Гадаад орчны РМ2.5 тоосонцрын химийн шинжилгээний дүнг өмнөх судлаачдын үр дүнтэй харьцуулахад тоосонцорт агуулагдах хөрсний болон хортой элементүүдийн агууламж нэмэгдсэн. Тодруулбал, хөрсний элементүүдийн агууламж нэмэгдсэн нь замын тоос шороо, хөрснөөс дэгдэх тоосонцрын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Хортой элементүүдийн агууламж ихэссэн нь ахуйн хэрэглээнд ашиглаж буй түлшний найрлага өөрчлөгдсөнөөс үүдэлтэй байх магадлалтай.

-Агаарын чанарт нөлөөлөгч, бохирдуулагч ямар бодисууд байдаг вэ. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн бодисуудын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?

-Гэр, байшинд амьдардаг иргэдийн сайжруулсан түлш болон боловсруулаагүй нүүрсний хэрэглээ өвлийн улиралд өндөр байгаа нь агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр. Мөн Сибирийн өндөр даралтын систем давамгай, нийслэлийн газарзүйн онцлог зэргээс шалтгаалж өвөл үүссэн инверсийн давхарга агаарын бохирдол хуримтлагдах үндэс болдог. Бохирдлын тархалт ихсэх нь салхины хурд, турбуленс ихсэхтэй шууд холбоотой. Салхины эрчим бага байхад чиглэл нь олон янз, бохирдуулагчид босоо чиглэлд тархах хандлагатай байдаг учраас агаарын чанарыг муутгадаг.

Сүүлийн найман жилийн дунджийг авч үзвэл, агаарын бохирдлын үндсэн бохирдуулагчийн нэг болох РМ2.5 нь гадаад орчинд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 4.6–15.3 дахин их, манай улсын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9-4.6 дахин их агууламжтай байсан. РМ2.5 тоосонцорт олон төрлийн химийн хортой нэгдлүүд болох хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хоёрдогч органик бохирдуулагчид агуулагддаг. Нүүрс, түлшний шаталтын процессоор азотын давхар исэл (NO2), хүхэрлэг хий (SO2), нүүрстөрөгчийн исэл (CO), тоосонцор (PM10, PM2.5) болон бусад бохирдуулагч үүсдэг. Эдгээр нэгдэл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул агууламжийг нь тодорхойлж, эх үүсвэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

-РМ2.5 тоосонцорт олон төрлийн химийн хортой нэгдлүүд агуулагддаг талаар Та яриандаа дурдлаа. Энэ тоосонцорт ямар төрлийн хорт бодисууд агуулагддаг талаар дэлгэрэнгүй яривал?

-Улаанбаатар хотын агаарын нарийн ширхэглэгт тоосонцор дахь хоёрдогч органик бохирдуулагчдын нэг бол хорт хавдар үүсгэгч Олон Цагаригт Ароматик Нүүрстөрөгч (ОЦАН) юм. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнөх үетэй харьцуулахад тоосонцорт агуулагдах ОЦАН-ийн агууламж 2.5 дахин ихсэж, ОЦАН-өөс хамаарсан уушгины хорт хавдрын эрсдэл 1.8 дахин нэмэгдсэн байна.

Түүнчлэн нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэгч бензопирений зөвшөөрөгдөх хэмжээтэй байдаг ба зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1 нг/м3-аас хэтрүүлэхгүй байхыг АНУ-ын ХБОХА-аас зөвлөсөн. Улаанбаатар хотод бензопирений агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 24 дахин их байна. 

"Хотын төвд хүнцэл, гэр хорооллын бүсэд фосфор, хром, хар тугалгын агууламж их байсан"

-Судалгааны хүрээнд хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээг тооцоолсон болов уу?

-Хотын хэт төвлөрлөөс үүдэлтэй хөрс, ус, орчны бохирдол нь микро элементийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг судлан, агаарын тоосонцрын бохирдлын хэмжээ, тархалтын түвшин, түүний химийн найрлагыг нарийвчлан тогтоож, улирал бүрд урт хугацааны мониторингийн хяналт хийж, түүнд агуулагдах элемент болон органик нэгдлийн анализын дүнг ашиглан хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээг тооцоолсон. Тодруулбал,

  • Нарийн ширхэглэгт буюу 2.5 мкм-ээс бага аэродинамик хэмжээтэй тоосонцор РМ2.5-ууд хүний биед үзүүлэх сөрөг нөлөө ихтэй гэж судлаачид тогтоосон. Агаарын үндсэн бохирдуулагчдын нэг болох нарийн ширхэглэгт тоосонцрын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна үзэгдэх орчин, уур амьсгалд нөлөөлдөг.
  • Бүдүүн ширхэглэгт тоосонцор PM10-ууд нь амьсгалын дээд замаас цааш нэвтэрдэггүй. Харин нарийн ширхэглэгт тоосонцрууд нь амьсгалын доод замд нэвтэрч чаддаг. Улмаар уушгины цулцанд гүнзгий нэвтрэн орж, цусны урсгалаар нэвтрэн бусад эрхтэн системийг хордуулдаг. Тоосонцрын хэмжээнээс гадна нэвтэрч орсон тоосонцрын химийн найрлага нь түүний хоруу шинж чанарыг тодорхойлдог тул химийн найрлагыг судлах шаардлагатай. Тухайлбал, усанд уусдаг органик биш ионууд нь уушгины хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулах, үрэвсэл үүсгэдэг бол зарим төрлийн металл, органик нэгдлүүд нь хурц архаг үрэвслээс эхлээд уушгины хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
  • Гадаад орчны агаарын РМ2.5 тоосонцорт нийт 20 элемент тодорхойлсон анализын үр дүнгээс элементүүдийн агууламжийг харьцуулбал хамгийн их агууламжтай элемент хотын төвд хром, фосфор, хүнцэл байна.
  • Гэр хорооллын бүсэд хамгийн их агууламжтай элемент фосфор, хром, хар тугалга байсан. Эдгээр элемент нь ихэвчлэн шаталтаас ялгардаг. Гэр хорооллын хувьд фосфор их агууламжтай байгаа нь биомассын шаталт зонхилж байгааг илтгэнэ.
  • Хотын төвд хүнцэл их агууламжтай байгаа нь гэр хорооллын нүүрс, биомассын шаталтаас ялгарсан тоосонцроос гадна машины ялгарлаас үүдэлтэй бохирдол байгааг илтгэж байна.

Хар тугалгын агууламжийг манай улсын агаарын чанарын стандарттай харьцуулахад өвлийн улиралд 1.2-1.8 дахин их, кадми болон никелийн агууламжийг АНУ-ын ХБОХА-ийн стандарттай харьцуулахад 2.7-7.4 их байна. Эдгээр нь өвлийн улиралд хүний үйл ажиллагаанаас буюу нүүрсний шаталт, зуны улиралд хөрсний тоос, тээврийн хэрэгслээс үүсэж байгааг илрүүллээ.

-Агаар дахь хүнд металл нь эргээд бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ? 

-Хүнд металлын хорт хавдрын эрсдэлийн үнэлгээг тооцоолоход дунджаар 1,000 хүн ам тутамд хоёр хүн уушгины хорт хавдар тусах эрсдэлд өртөж байна. АНУ-ын ХБОХА-аас нарийн ширхэглэгт тоосонцроос үүдэлтэй хорт хавдрын эрсдэл 1x10-6 -ээс хэтрэхгүй байлгахыг зөвлөмж болгодог. Улаанбаатар хотын хувьд энэ зөвлөмжөөс даруй 2,000 дахин их хорт хавдар тусах эрсдэлтэй байна. Хортой хүнд металлын агууламж ихэссэн шалтгаан нь хэрэглэж буй түлшний найрлага өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна.

Тоосонцорт элементүүдээс гадна органик нэгдлүүд хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Одоогоор тоосонцорт агуулагдах 200 гаруй төрлийн органик нэгдлүүдийг тодорхойлоод байна. Эдгээрт алкан, алкен, хүчилтөрөгчит органик нэгдлүүд (альдегид, кетон, карбон хүчлүүд), ОЦАН болон түүний уламжлалууд (амин, нитро, окси, гидрокси нэгдлүүд), амин, нитро нэгдлүүд орно. Биомассын шаталтаас гаралтай органик нэгдлүүд нь уушгины агааржуулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийн солилцоог бууруулдаг болохыг богино хугацааны өртөлтийн судалгаагаар тогтоосон. Гэсэн хэдий ч биомассын шаталтаас үүдэлтэй өртөлт нь дизель, бензин, нүүрсний шаталтаас гаралтай органик нүүрстөрөгчүүдтэй харьцуулахад бага нөлөөтэй болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн.

"Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш иргэдийн уушгины хорт хавдар тусах эрсдэл нэмэгдсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хорт хавдар үүсгэгч Олон Цагаригт Ароматик Нүүрстөрөгч (ОЦАН)–ийн талаар түрүүн дурдсан. Энэ нь ямар хоруу чанартай вэ? 

-Нүүрс болон хөдөлгүүрийн шаталтаас их хэмжээний альдегид, богино алканууд болон хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон ОЦАН-д их хэмжээгээр ялгардаг. Тоосонцор нь эсэд нэвтэрч урвалын идэвхт хүчилтөрөгч үүсгэн эсэд исэлдэлтийн стресс, үрэвсэл үүсгэгчид болон генийн өөрчлөлт үүсгэдэг. Ихэнх ОЦАН нь хүнд архаг үрэвсэл, генийн хоруу чанартай, уушги, арьс, давсагны хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон. Уг хоруу шинж чанараас нь шалтгаалж АНУ-ын ХБОХА 16 нэр төрлийн ОЦАН-ийг хүрээлэн буй орчинд хянах шаардлагатай гэж үзсэн байдаг. Иймээс Улаанбаатар хотын нарийн ширхэглэлт тоосонцрын бохирдолд агуулагдах ОЦАН-ийн улирлын өөрчлөлтийг судлах, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх судалгааны ажил хийж байна.

Хавдар үүсгэх, мутаген эквивалент хэмжээнээс үзэхэд улирал, байршил үл харгалзан нэгдүгээр бүлгийн хорт хавдар үүсгэгч бензопирен давамгайлж байгаа юм. Удаах хэсэгт ОЦАН-үүд, окси-ОЦАН, н-алканууд их хувийг эзэлж байна.

Өвлийн улиралд гэр хорооллын бүсэд 100 хүн тутамд нэг хүн, хотын төвд 1,000 хүн тутамд найман хүн уушгины хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй байна.

-Гадаад, дотоод орчны бохирдлоос үүдэн нийслэлд оршин суугчдын дунд хавдрын эрсдэл хэдэн хувиар нэмэгдэж байна вэ? 

-АНУ-ын ХБОХА-аас гаргасан амьсгалын замын хорт хавдрын эрсдэлийн үнэлгээгээр гэр хорооллын бүсийн эрсдэл 10,000 дахин их, хотын төвийн бүсийн эрсдэл 1,000 дахин их байна. Улирлаар харьцуулбал, өвлийн улирал бусад улирлаас дөрөв дахин их хорт хавдрын эрсдэлтэй. Тодруулбал, өвлийн улиралд 1,000 хүн ам тутамд 8-12 хүн уушгины хорт хавдар тусах эрсдэлтэй байгааг судалгааны үр дүн харуулж буй. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш иргэдийн уушгины хорт хавдар тусах эрсдэл нэмэгдсэн.

Зөвхөн ОЦАН-ээс тооцож гаргасан хорт хавдрын эрсдэлийн үнэлгээ 11х10-3 байгаа нь зөвлөмж утгаас 11,000 дахин их байна. Хор аюулын коэффициентыг үнэлэхэд, нийслэлийн хэмжээнд 21.2 байсан нь тоосонцрын бохирдлыг нэн даруй багасгах шаардлагатайг илтгэлээ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад утааг бууруулах аргацаасан бус, дорвитой ямар шийдэл байж болох вэ. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байна. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөхдөө утаа, тоос шороог аль алийг нь багасгахад чиглэсэн цогц байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг дээрх судалгааны дүн харуулж байна. Үүний тулд олон нийтэд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг таниулах, сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулах шийдлийн нэг нь утааг бууруулж, азот, хүхэр дэгдэмхий хийнүүдийг шаталтаар үүсэхгүй болгож, илчлэгийг нь нэмэгдүүлэх замаар технологийг шинэчлэх, сайжруулах, улмаар олон улсад туршигдсан дэвшилтэт шинэ технологийг оновчтой хэрэгжүүлснээр тодорхой хувиар бууруулах боломжтой.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.