Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр болж байна.
Энэ удаагийн Монгол Улсад болж буй Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцож байна.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Бүгд Найрамдах Казахстан Улс цахилгаан машины хэрэглээнд 100 хувь шилжих шийдвэр гаргаж, гэр хорооллын өрхүүдийнхээ 50 хувийг гаазанд холбосон байна. Монгол Улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг 2025 он гэхэд 30 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа. Европын сэргээн босголтын банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтарч цэнэглэх цэгүүдийг нийслэлийн 67 зогсоол дээр байгуулахаар ажиллаж байна. Мөн гаалийн татвар болон бусад төрлийн татвар, урамшуулалтай холбоотой асуудлыг хөндөх шаардлагатай байгаа. Тухайлбал, цахилгаан авто машиныг хэрэглэснээр нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих, зогсоол үнэгүй ашиглах, шөнийн цахилгаан илүүдэлтэй байдаг учраас цэнэглэлтийг үнэ төлбөргүй болгох гэх мэт урамшууллын асуудал дээр ажиллаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна.
Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон учраас цаашдаа үндэсний хэмжээнд агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх ёстой гэж харж байна.
Агаарын бохирдлыг үүсгэж байгаа зүйл ганц утаа биш. Монгол Улс хэт хуурайшилттай, нуур, гол, цөөрөм бага учраас чийгшил бага байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуучлалын Яам санаачлан хотуудад төв суурин байгууламжид төвлөрсөн хөв, цөөрмүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын нийт хуурайшилтын хэмжээг тогтоож 18 хөв, цөөрмүүдийг байгуулах хэрэгтэй гэсэн шийдлийг гаргаад олон улсын байгууллагуудтай эхний хэлцлүүдийг хийгээд явж байна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр төсөвлөсөн мөнгөн дүн:
Эдгээр мөнгөн дүн нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулахад зориулагддаггүй. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах гэсэн агуулгаараа ангилагддаг байна.
Олон улсын байгууллагууд БОАЖЯ, Эрчим Хүчний Яам(ЭХЯ), Барилга, Хот Байгуулалтын Яам(БХБЯ)-тай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал БХБЯ дээр БНСУ болон бусад улсын Засгийн газартай хамтарч 10,000 өрхийг орон сууцжуулах хөтөлбөр, ЭХЯ дээр сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төслүүд хэрэгжүүлж байна. БОАЖЯ дээр "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол руу чиглэсэн нийтдээ 19 төслийг 170 сая ам.доллароор хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд зээл болон бусад буцалтгүй тусламжууд орж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Байгаль орчны хэлтсийн дарга Сангмин Нам “Өнөөдрийн форум Агаарын бохирдлын эсрэг Ази Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэлийг тавих анхны алхам болж байна.
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газар идэвхтэй оролцож манлайллыг үзүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн өнөөдрийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад бид баяртай байна.
Монгол Улс шиг хүйтэн өвөл, эрс тэс уур амьсгалтай орнуудын хувьд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх замаар буюу цэвэр эрчим хүчинд шилжиж цэвэр түлш ашиглах шаардлагатай байдаг.
Дулааны цахилгаан станцуудын технологийн шинэчлэлтийг хийх, цэвэр эрчим хүчинд шилжихийг дэмжих зэргээр агаарын бохирдлын асуудлуудыг шийдвэрлэж байгаа туршлагууд байдаг.
Европын орнууд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд газрын гүний дулаан ашиглаж байсан туршлага Монголын хувьд ч гэсэн тохиромжтой байх гэж бодож байна.
Мөн тээврийн салбарт хэрэгжиж байгаа стандартуудыг сайжруулж хуучин машинаас ялгарч буй утааны хэмжээг бууруулах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн нь оновчтой шийдэл гэж харж байна” гэлээ.
Чуулга уулзалт маргааш мөн үргэлжлэх бөгөөд уулзалтыг зорьж ирсэн гаднын зочид, төлөөлөгчид Улаанбаатарын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцаж агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдтэй танилцахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!