Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барьсан.
Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хэлэлцэх асуудлын тов, дарааллыг харгалзахгүйгээр, хүний эрхийн амин чухал асуудлыг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай адилтган авч үзэж, нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсныг эрс буруушааж буйгаа Глоб Интернэшнл төвөөс мэдэгдэв.
Тус төвөөс эсэргүүцлийн захидлаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаа аж.
1. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр Монгол Улсад Кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бий болсон гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн судлаагүй, олон нийтэд хэлэлцүүлээгүй өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төслийн танилцуулгад дурдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бие даасан хуулийн төсөл боловсруулахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой эсэхийг Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан аргачлалд үндэслэн тооцоо, судалгаа хийж шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд үр нөлөөний үнэлгээ, холбогдох тооцоо, судалгааг хийсний үндсэн дээр мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авч, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлсний дараа хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй юм.
2. Манай улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх эрх, иргэдэд үйлчилдэг чөлөөт, хараат бус сэтгүүл зүй бодит утгаараа хөгжихөд хууль эрх зүйн орчин төдийлөн хангалттай бус байна. Тухайлбал, хууль тогтоомжид буй хязгаарлалтууд олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцээгүй тохиолдол их байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭОУП)-ын дагуу, хүний эрхийг зарим талаар хязгаарлаж болох боловч энэ нь заавал хууль ёсны байх, зайлшгүй байх, тодорхой цаг хугацаатай байх, зорилгодоо хүрэхэд хэм хэмжээндээ байх шаардлагатай бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хэмжээгээр хөндсөн байх ёстой.
Гэтэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн
тохиолдолд зөрчилтэй контент гэж үзэж, цензур бий болгож, улмаар хууль тогтоомжийн давхардал, хийдлийг үүсгэхээс гадна “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа юм.
3. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн. Хүний Эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах талаар Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгсний дотор “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд аливаа шийтгэл хүлээнэ гэх айдасгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээний дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй үйлдэл болсныг илэрхийлж, эрс буруушааж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!