Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад, Чечень цэргүүдийг “хамгийн харгис нь” гэж хэлсэн Ромын католик шашны тэргүүнд эсэргүүцэл илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан Ромын католик шашны тэргүүн Франциск нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины дайны сэдвийг хөндсөн юм.

“Украины дайны тухай ярихад энэ дайны харгис хэрцгий байдлыг хөндөхөөс өөр аргагүй болдог. Учир нь Украинд түрэмгийлж буй цэргүүдийн харгис хэрцгий үйлдлийн талаар надад маш их мэдээлэл ирдэг. Ерөнхийдөө хамгийн харгис нь чечень, буриад зэрэг орос биш гаралтай цэргүүд байх магадлалтай. Гэхдээ мэдээж түрэмгийлэгч нь Орос улс юм” гэж Ромын Пап ярьжээ.

ОХУ-ын гадна үйл ажиллагаа явуулдаг, Оросын үндэсний цөөнхүүдийн эрх ашгийг хамгаалагч Лига Свободных Наций (Чөлөөт Үндэстнүүдийн Лиг) байгууллага Ромын шашны тэргүүнд нээлттэй захидал бичиж, дээрх ярилцлагатай холбоотой эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Захидалд Ромын Папаас уучлал гуйхыг шаардаагүй, харин Чечень, Буриад үндэстнүүдийг ОХУ-д хэрхэн ялгаварлан гадуурхдаг, 1990-ээд оны Орос-Чеченийн дайны үед чечень хүмүүсийн эсрэг ямар гэмт хэрэг үйлдсэн, буриадуудыг уусгах бодлого хэрхэн хэрэгжсэн, Украины дайнд тэднийг хэрхэн золиосолж буй зэргийг судалж, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.

Мөн “хэрвээ зах хязгаар нутгийн муслим, буддист үндэсний цөөнхүүдийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг бол ядаж оросууд Украинд юу хийж байгааг судлах”-ыг Папаас шаарджээ.

“Иргэний байгууламжууд, амаржих газар, эмнэлгүүдийг бөмбөгдөх тушаалыг буриад, чеченьчүүд өгдөг гэж үү? Украин хүүхдүүдийг хулгайлж, хүчээр Орос руу аваачиж, эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүмүүсийг албадан нүүлгэж байгаа нь бид гэж үү? Энэ бол Оросуудын хийж буй зүйлс юм” гэж дээрх захидалд бичсэн байна.

Захидалд буриад, чечень, халимаг, татар, башкир, якут, эрзя, мокша, козак зэрэг үндэсний цөөнхүүдийн төлөөлөгчид гарын үсэг зуржээ.

Ватиканы албаны эх сурвалж Папын ярилцлага “Оросын ард түмнийг гомдоох санаа агуулаагүй”, “Ярилцлагын тайлбар, орчуулгыг нягтлан шалгана” гэж ярьсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe