Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Даваахатан: Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчинд нь аюул занал учруулахуйц 5,400 гаруй тохиолдол ердөө долоо хоногт бүртгэгдэж байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын стандарт батлагдсантай холбоотойгоор "Хотын соёл" зөвлөгөөнийг оюутан залуусын дунд зохион байгуулав. 

Тус стандартын хүрээнд Хотын стандарт, хяналтын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан зарим судалгааны ажлын мэдээллийг танилцуулсан юм. 

Тэрбээр "Хотын стандарт, хяналтын газар 2019 онд байгуулагдсан. Үүнээс хойш Улаанбаатарт хотын стандартын тогтолцоог бүрдүүлэхийн тулд суурь судалгааны ажлуудыг нэлээд хийсэн.

Түүнчлэн 22 бүлэг асуудлаар нийт 97 стандартын төсөл боловсруулсан байдаг. Эдгээр стандартаас эхний 38 стандартыг нийслэлийн ИТХ-аар баталж, мөрдүүлж эхэлж байна. Цаашдаа үлдсэн стандартуудыг үе шаттайгаар батлуулж, мөрдүүлэх ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа" хэмээн хэлэв. 

"Улаанбаатарт иргэдийн амьдрах орчин маш хүнд байсныг судалгааны үр дүн харуулсан"
зураг
 

Мөн тэрбээр "Бид өмнө нь үндсэн хоёр чиглэлээр суурь судалгаа хийж байсан. Тодруулбал, 

  • Иргэдийн амьдрах орчны тандалт судалгаа
  • Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм дүрэм ба тэдгээрийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тус тус судалсан. 

Хэрэгжилт муу байгаа тохиолдолд энэ нь чухам ямар шалтгааны улмаас болж байгаа талаарх үндсэн судалгааг хийсэн гэсэн үг. Мэдээлэл ил тод бус, үндэсний стандарт, барилгын норм дүрэм бүгд төлбөртэй байгаа учраас стандартын хэрэгжилт муу байна. Иргэд заавал мөнгө төлж байж авдаг тогтолцоо үйлчилж байсан. Энэ бүхнийг шинэчлэх процесс эрчимтэй үргэлжилж байгаа. Цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд хотын стандартаа мөрдөхдөө заавал мөнгө төлөх шаардлагагүй болно.

Иргэдийн амьдрах орчны тандалт судалгаа харахад Улаанбаатарт иргэдийн амьдрах орчин маш хүнд байсан. Бид өдөр тутам тулгарч буй таагүй нөхцөл байдалдаа дасчихсан. 2019 оноос хойш түүврийн аргаар судалгаа хийхэд ердөө долоо хоногийн хугацаанд иргэдийн амьдрах орчинд аюул занал учруулахуйц 5,400 гаруй тохиолдлыг бүртгэж байх жишээтэй.Энэ эрсдэлийг бууруулахын тулд тодорхой стандартыг мэддэг, ойлгодог байхын зэрэгцээ бүх түвшинд хяналттай байх хэрэгтэй. Ингэж үзсэн учраас стандартыг хэрэгжүүлж эхэлсэн.

Эхний ээлжинд нийслэлд дагаж мөрдөх тодорхой стандарттай боллоо. Цаашид олон нийтэд хэвшил болгохын тулд хүн болгон мэддэг байх, ААН-үүд ухамсарладаг байх ёстой. Тиймээс "Хотын стандарт, хотын соёл" арга хэмжээг залуусын дунд зохион байгуулж байна.

Эдгээр 38 хотын стандартыг иргэд маань Хотын стандарт, хяналтын газрын албан ёсны веб сайтад нээлттэй байршуулсан учраас уншиж, танилцах боломжтой" гэлээ.