"Чингис хаан" хаад язгууртны музейг намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн морин цагийг товлон өнөөдөр нээлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Чингис хаан одонт эрхмүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, төр, нийгмийн зүтгэлтнүүд, спорт, урлаг соёлын алдартнууд уригджээ.
Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Чингис хаан одонт П.Очирбат, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Чингис хаан одонт Д.Содном, Г.Мэнд-Ооёо, Ж.Гүррагчаа, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал, Ардын жүжигчин Н.Сувд, Б.Норовсамбуу зэрэг хүндэт олон эрхэм хүрэлцэн ирсэн байв.
Ёслолд зориулан Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг хааж, төрийн ордноос есөн хөлт их цагаан тугийг залж, "Эртний сайхан" уртын дуугаар нээлтийн ёслол үргэлжлэв. Мөн Ерөнхийлөгч, музейн захирал нар нээж үг хэлснээр хүндэт зочдыг эгнээгээр нь дараалуулан музейд урьсан юм.
Ташрамд дурдахад, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд тавьж байв.
Гэрэл зургийг MPA.MN агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!