"Чингис хаан" музейн шавыг тавин шүншиг оршоох ёслол өнөөдөр болж, бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, академич С.Чулуун, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм.
Хуучнаар Байгалийн түүхийн музей байсан 3,500 м.кв талбай бүхий тус газар хоёр жилийн дотор есөн давхар "Чингис хаан" музей сүндэрлэх юм.
"Энэ нь Чингис хааны нэрээр нэрлэгдсэн Монголын хаадын төрт ёсны музей байх болно" хэмээн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун ёслолын үеэр онцлон хэлж байв.
"Чингис хаан" музей нийт 20,500 м.кв талбайтай, 15 үзэсгэлэнгийн танхимтай байхаар зураг төсөлд тусгажээ. Доод давхруудыг түр үзэсгэлэнийн танхимаар зохион байгуулж, олон улсын болон бусад үзэсгэлэнг тодорхой хугацаанд гаргаж байхаар төлөвлөсөн байна. Харин үндсэн үзэсгэлэнгийн танхим нь гуравдугаар давхраас эхэлнэ. Тодруулбал,
Уг музей нь орчин үеийн музейн барилгын угсралтын шаардлагыг хангасан, төмөр бетон карказ, бетон дүүргэлттэй, галын аюулгүй байдлыг хангасан, агааржуулалтын систем сайтай хэмээн албаныхан онцолж байна.
Түүнчлэн суурийн давхарт үзмэрийг хүлээн авах, сэргээн засварлах, үзмэр бэлтгэх танхимууд байх бөгөөд музейн барилга зургаан лифттэй байх юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!