Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 280, 281 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей байгуулж, Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 километрт буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Чингис хааны музейн барилгын ажил 95 хувьтай байгааг Соёлын яамнаас мэдээллээ.
Тус музейн барилгыг ирэх сарын 11-ний өдрөөс өмнө буюу наадмаас өмнө дуусгахыг зорин ажиллаж буй аж.
"Сүүлийн үеийн музейн барилгын үзмэр нь тодорхой хувийг эзлэх болж, техник, технологи ашигласан аудио, видео үзмэрийн танхимууд нэлээд том зай талбайг эзэлдэг болсон.
Тийм учраас Чингис хааны музейд үзмэр нь хүрэх болов уу гэдэгт иргэд санаа зовох хэрэггүй. Монголын түүхтэй холбоотой асар их үзмэрүүд дэлхий дээр байна.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд зарим үзмэрийг шилжүүлэн авах эсвэл үзмэрүүдийн хувилбарыг авчрах гэх мэтээр музейг баялаг болгох тал дээр ажиллаж байгаа" хэмээн Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр өмнө нь мэдээлж байсан билээ.
Гэрэл зургийг MPA.MN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!