Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн дайчилгаа Путиний рэйтингийг Украины дайн эхэлснээс хойш анх удаа сулруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Украин дахь хүчээ зузаатгах зорилготой зарласан цэргийн дайчилгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн рэйтингийг сулруулсныг өнгөрсөн долоо хоногт зарласан судалгааны үр дүн харуулжээ.

Левада хараат бус судалгааны төвөөс зохион байгуулсан сүүлийн санал асуулгад оролцогчдын 77 хувь нь Владимир Путиний бодлого, үйл ажиллагааг дэмжсэн байна.

Энэ нь өмнөх сард явуулсан ижил судалгааны үр дүн болох 83 хувиас зургаан нэгжээр буурсан үзүүлэлт болжээ. Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойших хугацааны турш Путиний рэйтинг бараг өөрчлөгдөөгүй, тогтвортой байсан юм.

Хамгийн сүүлд 2018 онд тэтгэврийн насыг хойшлуулахад Орос даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Путиний рэйтинг энэ удаагийнх шиг огцом буурч байв. Тэр үеэс хойших анхны томоохон өөрчлөлт цэргийн дайчилгаа зарласантай холбоотой ажиглагдсан нь энэ юм.

Есдүгээр сарын 21-ний өдөр зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаар армийн 300,000 бэлтгэл хүчийг Украины фронтод илгээх зорилготой байгаа.

Дайчилгаа зарласан эхний долоо хоногийн хугацаанд 200,000 орчим хүн эх орноосоо дүрвээд байна. Мөн дайчилгааг эсэргүүцсэн хэдэн мянган хүн баривчлагдсан юм.

Наймдугаар сард Левадагийн санал асуулгад оролцсон оросуудын гуравны хоёр нь улс орон “зөв зүгт явж байна” гэж хариулсан бол сүүлийн санал асуулгад оролцогчдын 60 хувь нь ингэж хариулж, бага хэмжээний бууралт ажиглагджээ.

“Буруу зүгт явж байна” гэж хариулсан иргэдийн тоо 27 хувьд хүрч, өмнөх сараасаа 3 нэгж хувиар өссөн байна.

Левада төв сүүлийн судалгаагаа есдүгээр сарын 22-оос 28-ны хооронд Оросын 137 хот сууринд зохион байгуулж, 1,600 хүнийг хамруулжээ.

Тус төвийг Оросын эрх баригчид “гадаадын тагнуул”-ын жагсаалтад оруулсан байдаг юм.

 

Эх сурвалж: The Moscow Times