Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын топ 100 баян 21,000 орчим үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн олон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг 100 хүний мэдэлд бараг 21,000 байр, сууц байгааг тус улсын статистикийн алба өчигдөр мэдээлжээ.

Парламент дахь сөрөг хүчний төлөөлөл дээрх мэдээллийг статистикийн албанаас хүссэн юм байна. Энэ нь ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засаг захиргааны татварын хөнгөлөлтийн бодлого олон тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хүмүүст хэрхэн үйлчилж буйг тодруулах зорилготой байжээ.

Дээр дурдсан 100 хувь хүн нийтдээ 2.5 их наяд воны ($1.74 тэрбум) үнэлгээтэй 20,689 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм байна.

Энэ нь дунджаар нэг хүнд нийт 25.2 тэрбум воны үнэтэй 207 байр оногдож байна гэсэн үг юм.

2016 онд топ 100 хүний эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн тоо 17,244 байсан бол 2020 онд 20,689 болж огцом нэмэгджээ. Эдгээрийн үнэлгээ нь 2016 онд 1.5 их наяд вон байсан гэнэ.

Эндээс харвал топ 100-д багтсан хүн бүр таван жилийн хугацаанд 10 гаруй тэрбум воноор хөрөнгөө арвижуулжээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газар хүн амын баян чинээлэг хэсэгт татварын хөнгөлөлт үзүүлж буйг шүүмжилж байгаа юм.

“Юн Сүк Ёлын засгийн газрын үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх бодлого олон зуун байр сууцтай баян чинээлэг хүмүүсийг тэтгэж байна. Бид хэт баячуудыг татвараар дэмжихийг болиулж, оронд нь дундаж давхаргыг халамжлахад төсвийн хөрөнгийг зарцуулахын төлөө ажиллана” гэж Ардчилсан Намын хууль тогтоогч Ким Хой Жэ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times