Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Энэ удаагийн төсвөөр түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

"Энэ удаагийн төсвийн бодлогоор түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас түдгэлзэж байна. Үндэсний хороо түгжрэлийн эсрэг хууль гаргах, авто зам ашигласны төлбөр, машинтай холбоотой татвар зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэхээр болж байна. Ард иргэд хэцүү байгаа үед төсвийн бодлогоо анхаарч үзье гэсэн. Энэ асуудлыг ирэх сард багцалж, цогцоор нь танилцуулах үүрэг чиглэлийг авч байгаа.

Их хотын соёл, замын хөдөлгөөний соёлд хандлагын өөрчлөлт гаргах соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл нь ганцхан замын хөдөлгөөнийх бус төрд буй хүнд суртлын болон дүрэм, журмын, сэтгэлгээний ч түгжээс байна.

Засгийн газрын хуралдаанаас өгөгдсөн бас нэг чиглэл нь төрийн байгууллага болгон өөрсдөө түгжрэлийн эсрэг ажиллах ёстой гэсэн. Үндэсний хороонд энэ талаарх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг дэмжсэн. Энэ дагуу зарим ажил нийслэлийн байгууллагад хийгдэж эхэлсэн. Тухайлбал хүүхдээ хүргэж өгдөг албан хаагчдаа бүртгээд тэдэнтэй ярилцаж ажлын цагийг уян хатан болгон зохицуулж байна. 

Ойрын хугацааны түгжрэлтэй холбоотой асуудлуудыг ажлын төлөвлөгөөний хүрээнд хийнэ" гэв.

Тэрбээр өмнө нь хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой гэж байсан юм.

ВИДЕО:
https://fb.watch/fPFyP3rXR1/