Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Сосорбарамын болон нэр бүхий иргэдийн эзэмшлийн хашааны гадна жагссан багтай хүмүүсээс тайлбар авч, шалгаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
фэйсбүүүк хуудсаас авав.

Цахим орчинд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Эх Орон Нэгдэл” гэх хаягаас “Масктай жагсаал хөдөлгөөн, Шадивлангийн амны гарцыг чөлөөл Д.Сосорбарамын орд харшийн үүднээс...” гэсэн гарчигтай лайв бичлэг нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх үйлдэлтэй холбоотой асуудлыг харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тухайн өдрөөс эхлэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Уг жагсаалд оролцсон иргэд хэн болох зэрэг хувийн байдлын талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид заасан хүрээнд тогтоож, мэдүүлэг тайлбар авч ажиллаж байгаа" хэмээн хэллээ.

Түүнчлэн шалгалтын явцад тухайн бүртгэлгүй жагсаал цуглаан болсон газар нь нийт зургаан өрхийн эзэмшлийн зуслангийн газар байдаг бөгөөд үүний нэг нь иргэн Д.Сосорбарамын эзэмшилд байдгийг тогтоосон байна.

Мөн "Дээрх багтай иргэд долдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд нэр бүхий иргэдийн хашааны гадна жагсаал цуглааны байдалтай цугларсан.

Дээрх бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан тул дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн иргэд бусдын амь насанд заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй" гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Гэхдээ жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтоосон байдаг.

Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

  • 1 дэх хэсэгт “Гудамж талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ”
  • 2 дахь хэсэгт “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэж хуульд заасан байна.