Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улсад Искандер-М пуужингийн систем өгөхөө Путин амлажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай ойрын тусгалын пуужингийн системээ Беларусь улсад илгээх тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

Искандер-М систем нь “цөмийн болон энгийн цэнэгт хошуутай баллистик пуужинг харвах чадвартай” тухай тэр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод тайлбарласан байна.

Уг систем нь 500 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай юм.

Путин, Лукашенко нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан өчигдөр Санкт-Петербург хотод уулзсан байна.

“Ойрын хэдэн сарын дотор Беларусь улсад Искандер-М тактикийн пуужингийн системийг нийлүүлэх шийдвэрийг бид гаргалаа” гэж Путин энэ үеэр Лукашенкод хэлжээ.

Путин бас Беларусийн Су-25 байлдааны нисэх онгоцыг цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай болгон өөрчлөхөд туслахаа Лукашенкод амласан байна.

Тэд уулзалтынхаа үеэр Калининград чиглэлийн ачаа тээврийг хориглосон Литва улсын засгийн газрын шийдвэрийн талаар хэлэлцжээ.

Лукашенко энэ шийдвэрийг “дайн зарласнаас өөрцгүй хэрэг” гэх зэргээр шүүмжилсэн байна.

Оросын бусад бүс нутгаас хуурай газраар таслагдсан Калининград мужид бас Искандер-М систем суурилагдсан байдаг юм.

Путиний өчигдөр хийсэн мэдэгдлийг өрнөдийн зарим судлаачид Москва өөрийн холбоотон Беларусь улсыг Украины дайнд татан оролцуулах гэсэн алхам гэж дүгнэж байна.

Украинд Оросын цэрэг халдан довтолсон хоёрдугаар сарын 24-нөөс хойш Беларусь улс уг дайнд шууд оролцоогүй ч Оросын талд ложистикийн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Өнгөрсөн шөнө Украины баруун болон хойд бүс нутагт Оросын талаас пуужингийн хэд хэдэн цохилт өгөх үеэр гурван хүн алагдсан байна.

Пуужингийн заримыг Беларусийн нутаг дэвсгэрээс харвасан гэж Украины тагнуулын алба мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC