Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэмбилэг: Бүтээгч босгогч байна гэдэг бол хамгийн их аз жаргал, сайхан чанар

Б.Өнөр
2013 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Сэргэлэн суманд орших “Чингис хааны морьт” хөшөө, Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад олгодог “Гурван цагийн бөхчүүд” Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цом зэрэг бүтээлүүд болон Монголын хамгийн өндөр бүтээн байгуулалтууд болохоор хэрэгжиж эхэлж буй “Их Майдар” цогцолбор ба “Морин хуур” цамхгийн автор эзнийг хайсаар олны танил эрхэм Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэгтэй уулзахаар “Баянмонгол” хорооллыг зорилоо. 

Хүмүүн биеийг олж төрсөн энэ ховор хувь заяанд өөрийгөө өртэй гэж сэтгэх нь хүнийг бүтээлч, хөдөлмөрч болгодог. 

Түүний ажлын өрөө зураач, барималчдын урлангаас арай өөр. Бийр, будаг хөглөрөх бус бичгийн ширээ, зөөлөн сандлаар тохижуулсан, том, жижиг хоёр өрөө бүхий тохилог албан тасалгаанд бүтээлүүдийн эх загварууд төрдөг аж.

- Цасан дээр мөртэй цаасан дээр нэртэй гэдэг. Чингис хааны хөшөө, Их Майдар, Морин хуур цамхаг гээд таны бүтээл туурвилууд Эрдэмбилэг гэдэг хүний үлдээх томоохон ул мөр болох нь?
- Миний хувьд өөрийгөө олон зүйлийн өмнө их өртэй хүн гэж бодож яваа. Ер нь, хүн өөрийгөө өртэй гэж бодож явах хэрэгтэй юм. Хүмүүн биеийг олж төрсөн энэ ховор хувь заяанд өөрийгөө өртэй гэж сэтгэх нь хүнийг бүтээлч, хөдөлмөрч болгодог. Архи дарс уун хөлчүүрхэж, авгай хүүхдээ зовоож, ажилгүй байгаа энэ олон залууг хараад ганц олдох өрөөлийн болоод өөрийн амьдралыг сүйрүүлж байгаад нь харамсдаг.

Төрүүлсэн эцэг эх, байгаль дэлхийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь бүүр ч эмгэнэлтэй. Би өртэй хүн. Миний хийж бүтээж байгаа, үлдээж байгаа бүхэн миний хүн болсон өрөө төлж буй хэлбэр юм. Тэрнээс биш надад мөнгө төгрөг, овойж оцойсон эд хөрөнгө хэрэггүй. Хүн амьдарч байгаа л бол энэ алдхан биеэ нийгэм, бусдын сайн сайхны төлөө зориулах ёстой. Юмыг бүтээгч босгогч байна гэдэг бол хамгийн их аз жаргал, сайхан чанар.

- Миний бодлоор таныг олны танил болгосон бүтээл бол Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом. Тийм үү?
- Тэгэлгүй яахав, “Боролдой” студид найруулагч, зураачаар ажиллахын зэрэгцээ уран зураг зурдаг байлаа. Хүмүүс уран зураг сонирхох бус амьдралаа яаж авч явах талаар илүү боддог үе байлаа шүү дээ. Манай улс тухайн үед мөнгөн аяга бэлэглэдэг байсан юм.
Гэтэл бусад орны бөхчүүдэд Ерөнхий сайд нь сүртэй цом гардуулаад байхаар манайд бас ийм цом хэрэгтэй юм байна гээд уралдаан зарласан. Тэр уралдаанд миний “Гурван цагийн бөхчүүд” цомын эх загвар түрүүлж, одоо болтол их аваргуудын хүч, хийморийг мялааж байна даа

- Таны бүтээсэн цомыг авсан их аваргуудтай уулзаж байв уу?
- За даа, Уулзаж байгаагүй юм байна. Телевизээр гардуулж байхад нь хараад байхад тэр цомыг мөнгөн эдлэлээр хийсэн болохоор гандсан харагддаг. Хэрвээ аваргуудтай уулзвал мөнгөн эдлэл өнгөлдөг хүнээр өнгөлүүлчихээрэй гээд захимаар санагддаг юм.

- Та Чингис хааны тухай судалгааг Дүрслэх урлагийн дунд сургуульд байхдаа л эхэлж, түүний тухай уран бүтээлчдийн дунд уралдаан болох бүрт оролцож түрүүг авч байсан боловч нэг ч удаа бүтээж байгаагүй харин Чингис хааны морьтой хөшөөг бүтээх санал анх тавихад зүрхшээж байв уу?
Маш их хариуцлага ирлээ гэж бодож, бүтээл дээрээ их төвлөрч, ар гэр, эхнэр хүүхэд, орчин тойрноо “мартаад” зүтгэсэн. Нэг мэдэхэд есөн сар өнгөрч, хөшөөгөө бариад дууссан байж билээ. Эргээд бодоход үнэмшмээргүй богино хугацаанд дуусгасан байна билээ шүү. Онгод гээч нь орсон юм болов уу даа.

- Таны өмнө нь хийсэн болон одоогийн бүтээлүүдийг харахад та хамгийн өндрөөр нь дагнаад байх шиг?
- Цонжин болдог дахь Чингис хааны морьтой хөшөө бол “Монгол үндэстний бахархал болсон их хааны хөшөөг хамгийн том гэсэн тодотголтойгоор эх нутагтаа  бүтээе, жуулчдад үзүүлэх нэг зүйл хийе” гэж зорьсон ажил минь харин Х.Баттулга гишүүний санаачлагатайгаар бүтсэн. 

Харин Морин хуур цамхаг бол дэлхийн томоохон хотуудад хотоо өндөрөөс харах, орчиноо тольдох боломжийг иргэддээ олгодог цамхаг, өндөр байгууламж байдаг. Харин Улаанбаатарт тийм байгууламж байхгүй шүү дээ. Дизайнер хүн болохоор үүнийг ямар маягаар, ямар хэлбэртэй байвал дээр вэ? гэж бодож явсаар үндэсний бахархал болсон “морин хуур”-аар хийе гэж шийдсэн. Хотод газар олдохгүй байсаар хоёр ч жилийг алдуулсан ч нааштайгаар шийдэгдэж Төв цэнгэлдэх хүрээлэнд баригдахаар болсон. 

- Харин таны телевизүүдэд өгсөн ярилцлагаас харвал их бясалгагч, шашинлаг хүн юм уу гэж ойлгосон?
- Би бурханч, бясалгагч хүн бол биш. Миний өөрийн мэргэжил зураач, дизайнер мөн уран баримал сонирхдог. Уран бүтээлч хүн сэтгэлгээний бүтээл туурвилд их оролцдог болохоор чиний хэлснээр бясалгагч, бурханч мэт харагддаг байж магадгүй. Гэхдээ хүний бүтээл бурханлиг сүнслэг байх ёстой гэж ойлгодог. Хийж буй уран бүтээлийн судалгаанаас хамаарч бага сага бурханы ном судар харж, лам хуврагуудаас асууж судлах юм гардаг л даа.

Жүжигчин хүн дүрээ аваад судалдаг шиг, би ч гэсэн хийж буй ажлаа л судалж байгаа хэрэг. Энэ төслөөс гадна давхар ажиллаж буй төслүүд бий. Зураг, баримлаас гадна автомашины загвар дизайн хүртэл хийж байна. Мөн л машинаа судлана шүү дээ. Энэ мэт хийж буй бүтээл болгоноо их бага хэмжээнд судалдаг учраас Майдар төслийн хүрээнд бурхан шашны ном судар харах хэрэгтэй л болж байна. 

- “Хүмүүс бид зовлон жаргал гэгч хоёр энгийн шалтгаан дунд амьдардаг. Зовлонгийн үндэс нь нүгэл, жаргалын үндэс нь буян” гэж таны нэг ярилцлаганд хэлсэн үг сонирхол татлаа. Их Майдарыг ер нь бурхан урлах нь  таны хэлээд байгаа тэр их буян юм болов уу гэж бодож байна. Таны хувьд?
- Хүн амьдралдаа зовох гэж бус жаргах гэж төрдөг гэдэг. Жаргал хэтэрхээрээ зовлон болдог, зовсон хүмүүс заримдаа жаргалд хүрдэг. Ямар ч юмыг хэтрүүлж болдоггүй хорвоо чинь энэ юм. Чи бид хоёрын яриад сууж байгаа нь миний хувьд бас нэг буян гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл чи надаас сонссон зүйлээ цаашаа гурван хүнд ярина, гурван хүн есөн хүнд гэх зэргээрбуян арвижаж байгаа хэрэг. Жаргал хэтэрхээрээ зовлон болдгийг жишээг бид оддын амьдралаас харж болно. Алдар нэр, мөнгө төгрөг, эрх мэдэлд хүрсэн дэлхийн болоод Монголын одонцоруудын амьдралын зовлонг гэрт нь орж үзээгүй болохоор бид мэдэхгүй жаргаж байгаа л гэж боддог.

Гэтэл мөн чанартаа бол жирэмсэн найз охиноо хөтлөөд Баянхошуу руугаа алхаж байгаа залуу хосуудыг Зайсанд амьдарч буй өндөр дээд албан тушаалтнууд буюу эд мөнгө баялгийн оргилд хүрсэн хүмүүс, тэдгээрийн гэр бүлд болж буй хэрүүл тэмцэл, зовлонтой харьцуулахад бараг эсэргээрээ шинэхэн хосуудын амьдралд атаархахаар байдаг. Үүнийг ойр дотно амьдарч байгаа хөрөнгөлөг, чинээлэг нөхдүүдийнхээ амьдралаас харж л байна. Бэлхэн жишээг өнөөдрийн манай улс төрийн хүрээнийхэн, авлига болоод эд хөрөнгө шамшигдуулсан хэргээр баригдаж хоригдон, ял шийтгэл хүлээж, тэдгээр хүмүүсийн гэр бүлд болж буй эмгэнэлт байдлаас тодхон харж болно.

Монгол гэлтгүй гадаад улс орнуудад эгэл биш амьдралаар зовж яваа оддуудын амьдралаас ч ийм олон  жишээ харж болно. Майкл Жексон үхэхийнхээ өмнө туйлын хүнд байдалд орж, байх газраа олж ядан тарчлан яваад тунгаа хэтрүүлэн нас барж буйг жаргалын туйл зовлон болж дуусч байгаа жишээ гэхээс өөр яалтай. Ингээд бодохоор одоо байгаа амьдралдаа хангалуун байх шиг жаргал байхгүй болов уу.

- Ерөнхий бүтээн байгуулалт болох Суварган байгууламж, Майдар бурхны хөшөө нь 2016 онд ашиглалтад орж нээлтээ хийнэ гэсэн. Цогцолборын ажил 100 хувь хийгдэж дуустал ойролцоогоор хэдий хугацаа зарцуулах бол?
- Цогцолборыг бүтээх тухай 2006 оноос яригдсан. Хөрөнгө санхүүгийн боломж бололцоо нь 2010 онд шийдэгдэж зураг төслийн ажил нь дуусч байна. Бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байгаа. Энэ ажлын дараа цогцолборын хүрээнд “Майдар эко сити” төсөл хэрэгжинэ. Мөн гурав дахь төсөл болох цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжинэ. Ийм гурван үе шат бүхий томоохон төсөл байгаа юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг

Одоогийн байдлаар дөнгөж хөшөө дурсгалын ажил хийгдэж байна. Энэ нь 2016 онд дуусна. “Майдар эко сити”-гийн зураг төслийн ажлыг Берлин хотод хийж байгаа бол цөлжилтийн эсрэг “Майдарын ногоон морь” төслийн судалгааны ажлыг Ерөнхийлөгчийн ивээл дор гадаад дотоодын судлаачдаас бүрдсэн баг энэ жилээс эхлүүлж байна. Нийт төслийн ажил гурван үе шаттай явагдана. Тэгэхээр хугацааг хэлэхэд хэцүү,  маш олон жил үргэлжилнэ. Цаг хугацаанд шахагдахгүй Монгол Улсын цаашлаад олон улсын оролцооны төсөл болж байгаа учир яг таг тэдэн жилийн дараа бэлэн болно гэж ам гарах боломжгүй, гэхдээ хэрэгжинэ. 

- Дэлхийн хамгийн том гэх тодотголтой бүтээл хийдэг хүн хамгийн жижиг бүтээлүүдэд бас ур чадвараа сорьдог гэвэл хүмүүс гайхах байх. Та өөрийн урласан логонуудынхаа тухай ярихгүй юу?
Лого гэдэг чинь бэлэгдэлийн урлаг байхгүй юу. Соёлт хүн төрөлхтөн байгууллага, бараа бүтээгдэхүүндээ таних тэмдэг, лого өргөн ашигладаг болсон.  Энэ нь яваандаа урлагийн томоохон төрөл болон хөгжиж байна шүү дээ. Би нэлээд олон логоны загвар гаргасан даа. Үүнийг маань хэрэглэдэг нь ч бий, хэрэглэхээ больсон нь ч бий л байх. Би ч тэр болгоныг хадгалж үлдэхгүй юм. Тэднээс “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн” эмблем, “Оюу толгой” компанийн лого, Ардчилсан намын сонгуульд ашиглаж байгаа Монголын газрын зураг хэлбэртэй, давхиж буй морьтой хүний дүрс бүхий лого зэрэг бүтээл маань надад таалагддаг.

Эд бүгд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлж, сонгогдсон бүтээлүүд л дээ. “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн” эмблем бол тэр жилийн турш Монгол Улсын төрийн байгууллагуудын гадаад, дотоодод явуулсан албан бичиг, урилгад ашиглагдсан. Ер нь ганц жижигхэн лого улс орны нүүр царай болж, тэр улс соёлтой, дизайны хэр мэдрэмжтэй улс вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр лого зурна гэдэг их хариуцлагатай ажил. Лого гэдэг харахад жижигхэн ч их том утга санааг ардаа агуулж байдаг. Билгэдлийн урлаг хүний оюун, тархийг хөгжүүлдэг, сонирхолтой ажил шүү дээ. Залуу уран бүтээлчид билгэдлийн урлагаар гараагаа эхэлбэл цаашдаа их хэрэгтэйдээ.