Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" компанитай хамааралтай ₮347 тэрбумын зээл Хөгжлийн Банканд ЗӨРЧИЛТЭЙ байна
Хөгжлийн Банкны нийт активын 55.4% буюу 1.6 их наяд төгрөгийн зээл "Чанаргүй" ангилалд байгаа бол 837 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд зөрчил үүсээд байгаа юм.
Тус банкнаас олон нийтэд ил болгосон зээлийн багцаас харвал төрийн өмчит "Эрдэнэс Монгол" компанитай хамааралтай 347 орчим тэрбум төгрөгийн зээл чанаргүй болон зөрчилтэй ангилалд багтжээ.
Тодруулбал
- "Эрдэнэс Монгол" компанийн 2014 оны арванхоёрдугаар сард авсан 177.85 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 151.28 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөд зөрчил үүссэн
- "Эрдэнэс Монгол"-ын харьяа "Эрдэнэс Стийл" компанийн 50 хувийг эзэмшдэг "Бэрэн Групп" компанийн 2017 онд авсан 11.6 сая ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл 15.46 сая ам.доллар буюу 44 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банк нэхэмжилж шүүхэд хандсан
- Мөн "Бэрэн групп"-ийн 2014 онд авсан 27.2 сая ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл 40.57 сая ам.доллар буюу 115.6 тэрбум төгрөгийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шийдэх хэмжээнд хүрчээ.
"Бэрэн групп" 2017 онд "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол" гэсэн зориулалтаар 11.6 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан бол 2014 оны зээлийн зориулалтын талаар мэдээлээгүй байна.
Хөгжлийн Банкнаас олгосон ам.долларын нийт зээлийн 8 хувь нь л хэвийн, үлдсэн 92 хувь нь чанаргүй болон зөрчилтэй ангилалд ороод байгаа билээ.
Хэрэв эргэн төлөлтүүд хийгдэхгүй, энэ хэвээр үргэлжилбэл Хөгжлийн Банк үйл ажиллагаа явуулахад хүнд болсныг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
