Монгол Улсын Хөгжлийн Банкнаас чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлүүдтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад буй.
Энэ дунд Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий "Мондулаан трейд" компани нэрлэгдээд байна.
Тус компани 2018 оны аравдугаар сард буюу Ш.Лхамсүрэнг БХБ-ын дэд сайд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллаж байх үед "Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл"-д зориулж 15 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг "Дархан мах корпорац" ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан нь батлагдаж, түүнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
Хөгжлийн Банкны зээлийн энэ асуудалтай холбоотойгоор нэр бүхий сэтгүүлчдийг цахимаар заналхийлсэн шалтгаанаар Ё.Отгонбаярт ёс зүйн хариуцлага тооцож, МАН-ын даргын ахлах зөвлөхийн ажлаас чөлөөлснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!