Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Давосын Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцож буй саятнууд өөрсдөөс нь авах татварын хэмжээг нэмэхийг уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Швейцарын Давос хотноо жил бүр болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулган энэ жил цар тахлын улмаас виртуал горимд зохион байгуулагдаж байна.

Нэгдүгээр сарын 17-нд эхэлсэн уг чуулганд оролцогч 100 гаруй саятан, тэрбумтнуудаас бүрдсэн бүлэг өчигдөр дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан өөрсдөөс нь авдаг татварын хэмжээг нэмэхийг уриалжээ.

Өөрсдийгөө “Эх оронч саятнууд” гэж нэрлэсэн энэ бүлэг өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Саятнууд бид одоогийн татварын систем шударга бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Дэлхий нийтэд асар их гай гамшиг тохиолдсон сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгийн хэмжээ нь өссөнийг бидний ихэнх нь хэлж чадна. Гэхдээ тэдний цөөн хэсэг нь өөрт оногдвол зохих татвараа төлөх хүсэл сонирхлоо шударгаар илэрхийлж байна” гэсэн байна.

Өнгөрсөн онд дэлхийн 130 гаруй улс орон үндэстэн дамнасан том компаниудаас авах татварын доод хэмжээг хэлэлцэж, тохиролцсон билээ. Энэ арга хэмжээ нь томоохон компаниудын татвараас зайлсхийх боломжийг багасгасан юм.

Гэхдээ “Эх оронч саятнууд” нийгмийн дээд давхаргынхнаас авах татварын хэмжээг дахиад нэмэх ёстой гэж үзэж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян 10 эрхмийн хөрөнгийн нийлбэр хэмжээ $1.5 их наядаар өссөн нь секунд тутамд $15,000-аар өссөн үзүүлэлт болохыг Oxfam байгууллагын энэ долоо хоногт нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Татварын хэмжээг нэмэхийг уриалсан саятнуудын дотор Дисней компанийн өв залгамжлагч Абигэйл Дисней, хөрөнгө оруулагч Ник Ханауэр зэрэг хүмүүс байна.

Европын цөөн хэдэн улсаас бусад дэлхийн улс орнуудад баячууд үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, урлагийн бүтээл зэргийг эзэмшсэнийхээ төлөө татвар төлдөггүй. Зөвхөн эдгээрээ зарж борлуулсан тохиолдолд олсон ашгаасаа татвар төлдөг юм.

Эх оронч саятнуудын бүлэг болон Oxfam зэрэг ашгийн бус байгууллагуудын хамтарч гаргасан тооцооллоор бол $5 саяас дээш үнэлгээ бүхий дээр дурдагдсан хөрөнгүүдээс 5 хувийн татвар авахад л $2.52 их наядыг төвлөрүүлж болох гэнэ.

Энэ мөнгөөр дэлхийн ядуу буурай орнуудын 2.3 тэрбум хүнийг ядуурлаас гаргаж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалтад авах боломжтой гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 18 | 19 цаг