Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгантуяа: Зөвшөөрөл олгох нийт ажиллагаа ажлын 23 хоногт явагдана 

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форум өнөөдөр болж байна. 

Чуулганы зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх талаар юм. Үүнд:

  • Стандартыг цөөлөх
  • Төр давхардсан чиг үүргийг болих
  • Батламжийг бүрэн болиулах
  • Хяналтын 1 байгууллагатай болох
  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Чуулганы үеэр Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар онцлох мэдээллүүдийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуваалцлаа.

Тэрбээр "Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 онд санаачлан өнгөрсөн оны тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Зөвшөөрлийн тооны талыг нь бууруулах, цахимжуулах бодлогыг барин хийсэн.

Төр бол зөвхөн хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулах ёстой. Харин иргэн, хуулийн этгээдүүд хуулиар хориглосноос бусдыг нь хийх боломжтой.

Үнэнийг хэлэхэд зарим төрийн агентлаг өөрсдөө зөвшөөрлөө авчихдаг. Эсвэл аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж байгаад зөвшөөрөл олгочихдог.

Хуулийн төсөлд зөвшөөрлийг хоёр төрлөөр ангилсан.

  1. Тусгай зөвшөөрөл. Таван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Тусгай зөвшөөрөл нь илүү хөрөнгө оруулалт шаардсан, бизнес эрхлэгчдийн хувьд өндөр шалгуураар авдаг зөвшөөрөл. Мөн тусгай зөвшөөрлийг ашиглалтын болон үйл ажиллагааны хэмээн хоёр ангилсан. Ашиглалтын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулдаг.
  2. Энгийн зөвшөөрөл. Гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Хуульд заасан тохиолдолд энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгож болно.

Одоогийн хуулиар өмнө нь 19 чиглэлээр 210 төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор хуульд зааж өгсөн ч одоо 914 болж нэмэгдсэн.

Өргөн барьсан төсөл дээр 914-ийг 448 болгож бууруулсан байсан.Үүнд,

  • Тусгай зөвшөөрлийг 285
  • Энгийн зөвшөөрлийг 163

Түүнчлэн зөвшөөрлийн бүртгэлийн цахим нэгдсэн сан байгуулна. Зөвшөөрөл авах үйл явцыг тодорхой, энгийн болгоно" гэв. 

Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгох хугацааг тодорхой зааснаар зөвшөөрөл гарах хугацааг багасгах бөгөөд төрийн байгууллагууд ажлын хоёр өдөрт бичиг баримтын шийдлийг шалгана. Шалгаж үзэхэд шаардлага хангаагүй, нөхөн бүрдүүлэлт шаардлагатай гэж үзвэл 30 хоногийн хугацаа өгөх юм. Хэрэв та энэ 30 хоногтоо багтаж нөхөн бүрдүүлэлт өгөөгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно.

Үргэлжүүлэн "Бичиг баримт шаардлага хангасан гэж үзвэл энгийн зөвшөөрөл ажлын тав, тусгай зөвшөөрөл 10 хоногийн дараа зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгох нийт ажиллагаа ажлын 23 хоногийн дотор явагдана. Мөн зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд олгох бололцоотой" гэдгийг хэллээ. 

Тус форумд төрийн 10 байгууллага, 120 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.