Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ӨСВӨР НАСНЫХАН: Намайг бүрэн сонсоосой, намайг ойлгоосой...

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- 2019 оны тавдугаар сарын 17-ны нийтлэлийг дахин нийтлэв -

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог болон гэр бүлийнхэн нь тэдэнтэй хэрхэн харилцах нь зүйтэй талаарх СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын зөвлөгөөг хүргэж байна. 

Өсвөр насныхны сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гол орчин нь найз нөхөд

Хүүхэд өсөж тос болохын хэрээр биеийн төдийгүй сэтгэл зүйн өөрчлөлт явагдаж байдаг. Бага ангийн хүүхдүүдийг бодвол дунд, ахлах ангийнхан буюу өсвөр насныханд сэтгэл санаа тогтворгүй болох, эсрэг хүйсний хүнээ сонирхох, нийгмийн дунд биеэ авч явах хэм хэмжээг дагаж мөрдөх, эцэг, эхчүүд, насанд хүрэгчдээс хараат бус байх, бие даах хүсэл эрмэлзэл нэмэгдэх, оюун ухааны хөгжил явагдах, мэргэжил сонголтод анхаарал хандуулах, чөлөөт цагаа өнгөрөөх амьдралын хэв маяг өөрчлөгдөх, бие махбодын эрчимтэй өсөлт, “Би” адилтгал эрчимтэй явагдах гэх мэт олон өөрчлөлтүүд илэрч эхэлнэ. Энэ нь тэд өөрийгөө танин мэдэх том аялалд гарч байна гэсэн үг.

Би хэн бэ, би юу хийж чадах вэ зэрэг асуултыг өөртөө тавьж, хариултын эрэлд гардаг нас. Өөрөөр хэлбэл, “Би“-д анхаарлаа төвлөрүүлнэ.

Түүнчлэн энэ насныхан найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлж, тэднийгээ хамгийн чухалд тооцдог. Насны онцлогоосоо болж ийм авир гаргаж байгааг нь эцэг, эхчүүд ойлгохгүйгээр гадуур дэмий сэлгүүцлээ, гэртээ тогтохоо болилоо гэх мэтээр ханддаг. Гэтэл өсвөр насныхны сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гол орчны нэг нь найз нөхдийн хүрээлэл байдаг. 

“Би төв”-ийг нь бүү гэмтээ

Өөрийгөө хайж буй хүүхдүүдэд “Эго центризм” буюу “Би төв” хүчтэй байдаг. Энэ үед эцэг, эхтэйгээ харилцахад хүндрэл бэрхшээл гардаг. Учир нь насанд хүрсэн хүмүүс өсвөр насаа мартчихсан байх нь элбэг тул хүүхдээ ойлгож, харилцаж чадахгүй байх тохиолдол бий. Мөн хүүхдийнхээ “Би төв”-ийнх нь эсрэг үйлдэл хийдэг.

Жишээлбэл, хүүхэд шийдвэр гаргахдаа эцэг, эхийн зөвлөгөөг авахаа больж, биеэ даахыг оролдож эхэлнэ. Ингэхэд ээж, аав нь хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд аливаа сонголтыг нь үгүйсгэж, няцаадаг. Үүний хор уршиг нь хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг, хүсэл сонирхлыг нь бөхөөдөгт байгаа юм. Хүүхдийн сонголт шийдвэрийг няцааснаар “Би төв” нь нэг бол улам бадарна, эсвэл бүр унтардаг. “Би төв” нь унтарсан хүүхэд өөрийн гэсэн зорилго чиглэлгүй болох нь олон. Өөрийн юунд дуртайгаа мэдэхгүй, хоббигоо ч анзаарахгүй, мэдэхгүй өснө. 

Харин “Би төв”-өө хамгаалж байгаа хүүхэд төрх үйлийн хариу урвал үзүүлнэ. Энэ нь эсэргүүцэн сөргөлдөх, сүрдүүлэх, даган дуурайх, гэнэт сэтгэл цочирдох, дуугүй байх гэх мэт хариу урвалаар илэрдэг. Иймд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харьцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй юм. Аав, ээж бүр бүхнийг мэддэг супер хүмүүс биш бөгөөд хүүхдийнхээ насны онцлогийн талаар уншиж мэдээд, түүнд нь тохируулан харилцах боломжтой бүхий л мэдээлэл нээлттэй нийгэмд амьдарч байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

“Намайг сонсоосой, намайг ойлгоосой...”

10-19 насныхны гол хэрэгцээ нь “Намайг сонсоосой, намайг ойлгоосой” гэсэн хэрэгцээ байдаг. Хүүхдийг бүрэн сонссоноор дүгнэлт хийх, ярилцах, санааг нь ойлгох боломжтой. Гэтэл зарим эцэг, эх гүйцэд сонсолгүйгээр үгийг нь таслан шүүмжилж, дараа нь өөрийнхөө үзэл бодлыг шууд тулгах гэх мэтээр өөрсдийн ёс жаягт нийцүүлэх гэж хүчилдэг.

"Ингэвэл ямар вэ", "миний бодлоор тийм байна, миний хүү(охин) юу гэж бодож байна" гэх зэргээр ярилцахын оронд “Чи тэг, ингэ” гэж захирсан байдалтай хэлж байгаа нь нэг ёсондоо хүчирхийлэл үйлдэж байгаа хэрэг.

Өөрийгөө танин мэдэхийн тулд, хүсэл сонирхлоо олохын тулд хичээж буйг нь дэмжих ёстой. 

Дотноор ярилцах нь

Аль ч асуудлыг эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаг болох үндэс нь бага наснаас тавигддаг. Хэрэв багаас нь төдийлөн нээлттэй ярилцаж чадаагүй бол өсвөр насанд хүрсэн хүүхэдтэйгээ дотно сэдвүүдээр ярилцахад эцэг, эхчүүдээс хүчин чармайлт гарах нь дамжиггүй.

Өсвөр насанд хүүхдүүд эсрэг хүйстэндээ татагдах, анхны хайр, анхны үерхэл гэх мэтчилэн амьдралын чухал үеүдтэй тулгардаг. Тиймээс хүүхэдтэйгээ энэ асуудлаар ярилцахдаа дараах зүйлсийг анхаараарай. 

Тухайлбал, хүүхэд тань үерхэж байгааг нь мэдсэн бол болзошгүй эрсдэлүүдээс сэрэмжлэн, зөвлөгөө өгөхдөө зөөлөн өнгөөр ярих ёстой бөгөөд аль болох чөлөөтэй ярилцах нөхцөлийг нь бүрдүүлсэн, хөндлөнгийн саадгүй орчинд ярилцахыг хичээгээрэй. 

Эрт бэлгийн харилцаанд орох вий, хүсээгүй жирэмслэлт болох вий гэх зэргээр санаа зовниж буй бол зөвөөр илэрхийлэх нь чухал. Жишээлбэл,“Энэ насанд хайр дурлалтай учрах нь их байдаг. Чамд сайн хүүхэд бий юу?” гэх зэргээр ярилцахыг оролд. 

Хэрэв ярихгүй бол мэдээлэл өгөх байдлаар ярьж болно. “Өсвөр насандаа хайр дурлалтай учирсан зарим хүүхэд хайртайгаа нотлох гэж бэлгийн харьцаанд орох тохиолдол байдаг. Ингэснээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчин авах зэрэг эрсдэл бий. Тиймээс энэ талаар бодож байгаарай” гэх нь тохиромжтой. Хэрэв “Чи тэгэв ээ” гэж хэлбэл энэ нь хүүхдэд хүчтэй цохилт болж, аав, ээж надад итгэдэггүй юм байна, намайг муу хүүхэд гэж боддог юм байна гэсэн бодлыг төрүүлж, дахин энэ тухай ярилцахгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг.