Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ сөргөлдөөнийг намжаах нөхцөл шаардлагаа NATO-д тавьжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Украиныг тойрсон сөргөлдөөнийг намжаахын тулд NATO-д ямар нөхцөл шаардлага тавьж байгаагаа ОХУ-ын тал өчигдөр танилцуулжээ.

Сүүлийн үед ОХУ-ын их хэмжээний цэрэг, зэвсэг Украины хилийн орчимд хуримтлагдсан нь дайн дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Өрнөдийнхөн үзэж байгаа.

Харин Москвагийн эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа юм.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын өчигдөр мэдээлснээр Оросын тал АНУ болон NATO-д хоёр хувилбар гэрээний нөхцөлийг өнгөрсөн Лхагва гарагт өгсөн гэнэ.

Үүнд Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа NATO-д элссэн орнуудын нутаг дэвсгэрт цэрэг, зэвсэг байрлуулахгүй байх, эдгээр гишүүн улсуудын усан болон агаарын орон зайд алсаас цохилт өгөх чадвартай стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц, тэнгисийн хөлөг нэвтрүүлэхгүй байх зэрэг нөхцөлүүдийг тусгажээ.

“Гэрээний төсөлд тавьсан шаардлагууд бол сонголт хийх меню биш. Бүхэлд нь авч үзэх ёстой” гэж Рябков сэтгүүлчидтэй уулзахдаа тайлбарласан байна.

Оросын талын тавьсан шаардлагыг зөвшөөрвөл Балтийн тэнгисийн гурван улс болон Польшид NATO ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм.

Мөн Украин, Гүржийг гишүүнээр элсүүлэх төлөвлөгөөгөө орхих ёстой болж байна.

Өчигдөр Рябков бас аюулгүй байдлын гэрээний асуудлаар АНУ-ын талтай яаралтай уулзаж хэлэлцэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Европын аюулгүй байдлын асуудлыг бид Европын холбоотнуудынхаа оролцоогүйгээр хэлэлцэх боломжгүй” гэж мэдэгдсэн нь дангаар уулзах сонирхолгүй байгаагийн илэрхийлэл болжээ.

Европын Холбооны удирдагчид Украины асуудлыг хэлэлцэхдээ Нормандын формат гэгддэг Парис, Берлин, Киев, Москвагийн талууд оролцсон хувилбарыг санал болгодог. Харин ОХУ одоо АНУ-тай дангаар хэлэлцээ хийх сонирхлоо илэрхийлж байгаа юм.

NATO өмнө нь ямар улс тус байгууллагад гишүүнээр элсэх, элсэхгүйг Москвагаар заалгахгүйгээ удаа дараа мэдэгдэж байв. Тиймээс Оросын талын тавьсан шаардлага нөхцөлийг Өрнөдийнхөн хүлээж авах магадлал бага харагдаж байна.

 

Эх сурвалж: BBC