Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус зам руу хальсныг цэвэрлэж, ариутган шинэ насос тавьсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг засварлаж дуусгахыг үүрэг болгосон.

Тэдгээрээс Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн гадна шугамын ажил тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй үлдсэн байна. Бусад цэцэрлэг, сургуулийн инженерийн шугам сүлжээг засварлаж дуусжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд хотын дулаан, ус хангамжтай холбоотой 11 удаагийн түр зогсолт бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн хүндрэлтэй нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Оч гялс өргөө” ОСАК-ийн хариуцсан шугамд доголдол гарч, бохир усыг машинаар зөөвөрлөхөд хүрснийг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцлов.

Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус авто зам руу хальсныг цэвэрлэж ариутгажээ. Шинэ насос тавьсан тул тус газарт  бохир дахин халихгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

Цаашдаа нийслэлээс Яармаг чиглэлд тавьж буй  600-ийн шугам ашиглалтад орчихвол дээрх шугам сүлжээ асуудалгүй хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.