Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабд зохиогдож буй тэмээний “миссийн тэмцээн”-ээс ботокстой өрсөлдөгчид хасагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн энэ үед Саудын Араб улсад эзэн хааны нэрэмжит тэмээний наадам зохион байгуулагддаг.

Сар орчим хугацаанд үргэлжилдэг энэ баярын үеэр тэмээний уралдаан, дуудлага худалдаанаас гадна хамгийн гоё хэлбэртэй тэмээ шалгаруулах “миссийн тэмцээн” зохион байгуулагддаг байна.

Тэгвэл энэ жилийн тэмцээнээс уруул, толгойдоо ботокс шахуулсан 40 тэмээг хассан тухай зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлжээ.

Саудын Хэвлэлийн Агентлаг (SPA)-ийн мэдээлснээр энэ нь уг тэмцээний түүхэнд урьд өмнө гарч байгаагүй хатуу шийтгэлийн арга хэмжээ юм байна.

$66 саяын шагналын сантай уг тэмцээн маш их өрсөлдөөнтэй болдог ба сүүлийн жилүүдэд тэмээнийхээ үзэмжийг сайжруулахын тулд янз бүрийн гоо сайхны мэс ажилбар хийлгэх үзэгдэл нэмэгдсэн ажээ.

Саудын Арабын нийслэл Рияад хотын ойролцоо цөлд зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээний шүүгчид тэмээнийхээ уруул, хамарт ботокс шахуулж томруулсан, булчин томруулах даавар тариулсан, арьсан дотор нь резин материал суулгасан зэрэг олон зөрчил илрүүлсэн юм байна.

Сүүлийн жилүүдэд ийм арга хэрэглэсэн тэмээг илрүүлэхийн тулд шүүгчид рентген болон хэт дуу авианы техник ашигладаг болсон гэнэ.

Буруу аргаар өрсөлдсөн тэмээнүүдийн тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасдаг байна. Одоо бүр насан туршид нь хориглох талаар эрх баригчид ярилцаж байгаа ажээ.

Зөрчилтэй тэмээний эзэд 100,000 риал ($26,650) хүртэл мөнгөн торгууль хүлээдэг байна.

Газрын тосоор баян Саудын Арабын иргэдийн тэмээгээр өрсөлдөх, чамирхах соёл нь тэдний нүүдэлчин Бедуйн угшилтай холбоотой. Ойрх Дорнодын бүс нутагт ийм арга хэмжээ олон зохион байгуулагддаг ч Саудын Арабын наадам илүү өндөр шагналтайгаараа алдартай юм байна.

 

Эх сурвалж: Russia Today