Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын ерөнхий сайд ойрын хавьтал болсноо үл тоон гадуур зугаалсныхаа төлөө уучлал гуйжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрийн нэг үдшийг Финланд улсын ерөнхий сайд эмэгтэй шөнийн клубд бүжиглэж өнгөрүүлжээ. Ингэхдээ тэр коронавирусийн халдвар авсан гадаад хэргийн сайдын ойрын хавьтал болсноо мэдээд хэдхэн цаг болж байсан гэнэ.

Финландын нэгэн шар сэтгүүлд 36 настай Санна Марины клубд бүжиглэж буй гэрэл зургийг нийтлээд үүрийн дөрвөн цаг хүртэл цэнгэсэн тухай мэдээлжээ.

Уг мэдээтэй холбоотойгоор залуу ерөнхий сайдын хариуцлагагүй үйлдлийг хүмүүс шүүмжилж эхэлсэн байна.

Даваа гарагт Санна Марин олон нийтээс уучлал гуйхдаа “Нөхөр бид хоёр хоол идэх, дэлгүүр хэсэхээр гарахдаа найзуудтайгаа тааралдаж, хамтдаа наргисан нь үнэн. Халдвар илэрсэн хүний ойрын хавьтал болсноо тэр өдөр мэдсэн ч албаныхан надад өөрийгөө тусгаарлах шаардлагагүй гэж зөвлөсөн юм. Гэхдээ би яах ёстойгоо дахин нягтлах ёстой байснаа ойлголоо. Буруу зүйл хийсэндээ уучлал гуйж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Финландын MTV3 телевизийн сувгаар явуулсан санал асуулгад оролцогчдын гуравны хоёр нь ерөнхий сайдыгаа ноцтой алдаа гаргасан гэж дүгнэсэн байна.

Сөрөг хүчнийхэн бас Санна Мариныг хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж буруутгажээ.

Финланд улс нь цар тахлын үед харьцангуй бага хохирол амссан Европын улсуудын нэгт тооцогддог.

5.5 сая хүн амтай тус улсад нийтдээ 196,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,384 хүн нас барсан юм. Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол хамгийн өндөр түвшиндээ хүрч, хоёр долоо хоногийн хугацаанд 100,000 хүн тутамд ногдох халдварын тохиолдол 308 хүрсэн байна.

Үүнээс гадна Омикрон хувилбарын найман тохиолдол Финландад илрээд байгаа.

2019 онд дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болж байсан Санна Марин өмнө нь өргөөндөө үдэшлэг зохион байгуулсан, найзуудтайгаа авахуулсан болон янз бүрийн хувцас хэрэглэлтэй авахуулсан гэрэл  зургуудаа сошиал сүлжээнд тараасан зэрэг үйлдлийнхээ төлөө олон нийтэд шүүмжлүүлж байжээ.

Сүүлд тэр хэвлэлд ярихдаа “Залуу үеийн төлөөлөл болохоор миний ажил, амьдрал бусдын шүүмжлэлд өртөх явдал гардаг” гэж хэлж байв.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 16 | 17 цаг