Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах нь зөв гэж үзжээ

ikon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон Улсын Валютын Сангаас Монголын банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар Дүрмийн 4-р заалтын зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн тайландаа дурдсан байна.

Тухайлбал “Хадгаламж нэмэгдэж, санхүүгийн хүртээмж сайжирснаар банкуудын хөрвөх чадварын харьцаа хангалттай хэвээр байгаа нь эерэг үзүүлэлт. 2017 онд батлагдсан зохицуулалтаар банкууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны эцэс хүртэл өмнөх түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх шаардлага хэрэгжиж байгаа”-г онцолсон байна. Түүнчлэн, “Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон УИХ-аар 2020 онд баталсан банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөр нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахад чиглэсэн зөв алхмууд” гэжээ.

Төв банкны вебсайтад мэдээлснээр Банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд 2023 он хүртэл дараах томоохон ажлууд хийгдэхээр тусгагдсан байна. Тухайлбал:

  • 2021 оны 12 сарын 31 гэхэд банкны төлбөрийн чадвар, эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх;
  • 2022 оны 06 сарын 30 гэхэд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкны системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани, бусад банкууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдсан байх;
  • 2023 оны 12 сарын 31 гэхэд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулах.

Үр дүнд нь банкны засаглал, хяналт, ил тод байдал, эрсдэлийн удирдлага сайжирч хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ гэж Төв банк үзэж буй.