Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улсын ерөнхийлөгч шилэн хоргон дотроос тангаргийн ёслолд оролцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Чех улсын шинэ ерөнхий сайд Петр Фиала тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа оржээ.

Түүний тангаргийн ёслолд ерөнхийлөгч Милош Земан оролцохдоо шилэн хоргон дотор сууж байсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Чехийн ерөнхийлөгч саяхан коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад байгаа тул ийм арга хэмжээ авчээ.

 

77 настай Земан эрүүл мэндийн шалтгаанаар 46 хоног эмчлүүлээд Пүрэв гарагт эмнэлгээс гарсан юм. Гэвч ерөнхийлөгчөөс коронавирусийн халдвар илэрсэн тул тэр өдрийнхөө орой дахин эмнэлэгт хэвтжээ.

Өндөр настай ерөнхийлөгчөөс Covid-19 өвчний шинж тэмдэг илрэхгүй байсан тул Бямба гарагт эмнэлгээс гаргаж, тусгаарласан байна. Ингээд тусгаарлалтад байгаа ерөнхийлөгч Земан шилэн хоргон дотроос шинэ ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд оролцжээ.

Уг нь Петр Фиала өнгөрсөн Баасан гарагт тангараг өргөх хуваарьтай байсан ч ерөнхийлөгч өвдсөнтэй холбоотойгоор хойшлуулсан юм байна.

Тэрбээр Чехийн баруун төвийн үзэлтэй ОDS намын дарга бөгөөд өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар ялалт байгуулж байв.

Түүний тэргүүлсэн таван намын эвслийн засгийн газар өмнөх ерөнхий сайд Андрей Бабишийн танхимыг залгамжилж байна.

Архаг тамхичин болох Чехийн ерөнхийлөгч Земан эрүүл мэндийн олон асуудалтай гэгддэг. 2013 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашихдаа тэр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байв.

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Земан алхаж чадахаа больж, тэргэнцэр хэрэглэдэг болжээ.

Европ тивийг нэрвээд байгаа цар тахлын шинэ давлагаа Чех улсыг тойроогүй юм.

Тус улсад өнгөрсөн Баасан гарагт коронавирусийн халдварын 28,000 орчим тохиолдол шинээр илэрсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider