Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улс тав хоногийн дараа Магдалена Андерссоныг дахин ерөнхий сайдаар томиллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Швед улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон ч шинэ засгийн газрын тэргүүн нь нэг өдрийн дотор огцорч байв.

Тэгвэл Даваа гарагт Шведийн парламент Магдалена Андерссоныг хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар томилжээ.

Швед улс нь хүйсийн тэгш эрхийг хангасан байдлаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг ч засгийн газраа эмэгтэй хүнээр удирдуулж үзээгүй байсан юм. Засгийн газрыг байгуулалцсан Ногоон нам төсөвтэй холбоотой маргааны улмаас өнгөрсөн долоо хоногт эвслээс гарсан нь Андерссоны огцрох шалтгаан болж байв.

Нэг өдрийн дотор ийм олон үйл явдал дараалан өрнөсөн нь улс төрийн хувьд тогтвортой Швед улсад урьд өмнө үзэгдээгүй зүйл байв.

Швед улсыг Социал Демократууд бараг зуун жил удирдаж байгаа.

Өчигдрийг хүртэл сүүлийн долоон жил сангийн сайдаар ажиллаж байсан 54 настай Магдалена Андерссон одоо Социал Демократ намын дангаар байгуулсан цөөнхийн засгийн газрыг ирэх оны есдүгээр сард болох парламентын сонгууль хүртэл удирдана.

Тэрбээр долоон жил ерөнхий сайдаар ажилласан Стефан Лофвеныг өнөөдөр залгамжлах юм.

Парламентын 101 гишүүн Андерссоныг ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 173 гишүүн эсэргүүцэж, 75 гишүүн түдгэлзжээ.

Шведийн хуулийн дагуу ерөнхий сайдад нэр дэвшигч парламентын олонхын саналыг авах шаардлагагүй, харин олонх эсэргүүцэхгүй байх нөхцөл тавигддаг.

Гэхдээ Андерссоны цөөнхийн засгийн газар богино хугацаанд ажиллахдаа хүндхэн сорилтуудтай тулгарна гэж ажиглагчид үзэж байна.

Шведийн парламентын 174 суудлыг төв болон барууны үзэлтэй сөрөг хүчний дөрвөн нам эзэмшиж байгаа. Нөгөө талд нь зүүний болон зүүн төвийн үзэлтэй дөрвөн нам нийлээд 175 суудал эзэмшиж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 11 | 11 цаг