Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн эмч Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүст ямар шинж тэмдэг илэрч буй талаар ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) илэрсэн коронавирусийн Омикрон хувилбар дэлхийн дахиныг түгшээж байгаа билээ. Энэхүү шинэ хувилбар өмнөх хувилбаруудаас илүү өндөр халдварлах чадвартай байж болзошгүй гэхээс өөр мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.

Мэргэжилтнүүд Омикрон хувилбарыг бүрэн танихад доод тал нь хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа.

Тэгвэл Омикрон хувилбараар өвчилсөн анхны тохиолдлуудыг эмчилж буй ӨАБНУ-ын эмч өвчтөнүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар хэвлэлд ярьжээ.

Өмнөд Африкийн Анагаах Ухааны Холбооны тэргүүн, доктор Анжелик Коце арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Дельта хувилбараар халдварласан өвчтөнүүдээс өөр шинж тэмдэгтэй долоон өвчтөнийг эмнэлэгтээ хүлээн авч байсан гэнэ.

Өвчтөнүүд ирснийхээ дараа нэгээс хоёр өдрийн хугацаанд маш их ядарч, бүх биеийн булчин болон толгой нь янгинан өвдөж байжээ. Үүний дараа өвдөлт намдаж, шинж тэмдгүүд аажмаар суларч байсныг доктор Коце ярьсан байна.

“Өвчтөнүүдийн ихэнхээс нь шинж тэмдэг маш хөнгөн хэлбэрээр илэрч байсан. Тэднээс хүндэрсэн өвчтөн одоогоор алга. Ийм өвчтөнүүдийг бид уламжлалт аргаар гэрт нь эмчлэх боломжтой” гэж тэр ярьжээ.

Мөн Дельта хувилбарын халдварын үеийнх шиг амт, үнэрийн мэдрэмж алдах, хүчилтөрөгчийн дутагдалд орох шинж тэмдэг илрээгүйг тэр хэлсэн байна.

Доктор Коцегийн өвчтөнүүд 40 хүртэл насныхан байсан ба бараг тал нь вакцинжуулалтад хамрагдаагүй байжээ.

Коронавирусийн шинэ хувилбар илэрсэн тухай ӨАБНУ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт зарлаж, маргааш нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ хувилбарыг “variant of concern” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон үсгээр нэрлэж байв.

Үүнээс хойш дэлхийн олон орон ӨАБНУ болон түүнтэй хил залгаа орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж, Канад болон Европын хэд хэдэн оронд анхны тохиолдлууд бүртгэгдээд байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 12 | 12 цаг