Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтний ирээдүй галактикийн эрчим хүчийг эзэмших болох тухай Кардашевийн онол

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Өдөр тутмын завгүй амьдралынхаа хажуугаар хүн төрөлхтний холын ирээдүйн талаар хааяа ч гэсэн та санаа зовдог уу? Өлсгөлөн, дайн, цар тахал, хүрээлэн буй орчны доройтол гэх мэт асуудлууд бидэнд шууд болон шууд бусаар аль хэдий нь нөлөөлөөд эхэлжээ. Нэг бодлын бидэнд яаралтай тулгамдсан асуудал биш боловч, эцсийн эцэст “үр минь үлдэх хорвоо” шүү дээ.

Гэхдээ ирээдүйг гэрэлтэй харагдуулах ахиц дэвшил өдөр тутам гарсаар л байна. Ангараг гарагт ажиллаж буй робот, сансрын аяллыг улам хямдруулах туршилтууд, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг багасгах технологи, амьтны амь таслахгүйгээр мах ургуулах арга гээд л. Энэ мэт дэвшилттэй болон уршигтай олон асуудлын дотор маш чухалд тооцогдох нэг асуудал нь эрчим хүч юм.

Соёл иргэншил гэдэг ойлголт эрчим хүчний хэрэглээ, түүнийг гаргаж авах аргатай салшгүй холбоотой байдаг. Хүн төрөлхтөн анх гал гарган хоолоо болгож, дулаацаж эхэлснээс л зохиомлоор эрчим хүч гаргаж авсан түүх эхэлнэ. Одоо бол эрчим хүчгүйгээр бидний одоо, ирээдүйг төсөөлөхийн аргагүй. Адаглаад л гар утасны тань цэнэг дуусахад юу болдог билээ? Тун саяхны нэгэн жишээ гэхэд энэ оны 7-р сард Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсны улмаас нийслэл хот 5 цагийн турш,  Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Өмнөговь болон Сүхбаатар аймаг мөн л эрчим хүчгүй болсныг эргэн санахад ойлгомжтой.

Өндөр хөгжилтэй улс орнууд буюу бидний нэрлэж заншсанаар хүчирхэг гүрнүүд болох АНУ, ОХУ, БНХАУ болон Япон, БНЭАУ, Израйль зэрэг улсууд дэлхий дээрх эрдэс баялаг, эрчим хүчнээс илүүтэй нарны аймгийн бусад гараг дээрх амьдрал, эрдэс баялаг эрчим хүчийг сонирхон судалж, түүнийг хэн түрүүлж эзэмших вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж эхлээд байна.

Харин сансар огторгуйн энерги, эрчим хүчийг эзэмшихийн төлөөх хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөнийг ОХУ-ын нэрт эрдэмтэн, астрофизикч, дэлхийн нэрт радио одон орон судлаач агсан Николай Семёнович Кардашевийн (1932-2019 он) SETI хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн “Кардашевын шаталбар” нэрт онол аль хэдийн таамагласан байжээ. Тус онол нь Соёл иргэншил хэдий чинээ "дэвшилтэт" байх тусам түүний эрчим хүчний хэрэглээний түвшин өндөр байх ба тэрхүү эрчим хүчийг гаргаж авч байгаа чадвараар нь соёл иргэншлийн хөгжлийг тодорхойлно гэсэн үг юм. Онолын хүрээнд орчлон ертөнц дээрх соёл иргэншлийн үе шатуудыг эрчим хүчний хэрэглээний төвшнөөр дөрөв ангилжээ.

  • I шаталбарын соёл иргэншил: Өөрийн гараг дээрх эрчим хүчийг алдагдалгүй бүрэн ашиглаж чаддаг соёл иргэншлийг хэлнэ. Дэлхийн гарагийн хүн төрөлхтөн өдгөө энэ шаталбартаа хамаарч байна.
  • II шаталбарын соёл иргэншил: Гэрэлтүүлэгчийнхээ буюу нар, нарны аймгийнхаа эрчим хүчийг бүрэн ашиглаж сурсан соёл иргэншлийг хэлнэ. Ингэснээр I хэлбэрийн соёл иргэншлээс 10 тэрбум дахин хүчтэй болох аж.
  • III шаталбарын соёл иргэншил: Бүхэл бүтэн галактикийн энергийг ашиглаж чаддаг соёл иргэншил нь II шаталбарын соёл иргэншлээс 10 тэрбум дахин хүчтэй болгох аж. Энэ соёл иргэншил бүр нь олон тэрбум оддын системийг колоничилж, галактикийнхаа төв дэх хар нүхний энергийг ашиглах чадвартай байх юм.
  • IV шаталбарын соёл иргэншил: Галактикийнхаа эрчим хүчийг нэгэнт бүрэн эзэмшсэн соёл иргэншил нь галактик хооронд аялж, бусад галактикийн эрчим хүчийг ашиглан хөгжсөөр орчлон ертөнцийг эрхшээх тавилантай гэжээ.

Кардашевийн онолоос авч үзвэл эрчим хүчээ зөв зохистой ашиглаж сураагүй Монголчууд бид хөгжлийн хувьд нэлээд доогуур түвшинд байна. Гараг ертөнц, од сарнаас наанадаж,  бид ядаж л газарзүйн байршилдаа тулгуурлан нар, салхи, усан цахилгаан станцаа хөгжүүлж эрчим хүчээ дотооддоо 100% найдвартай хангах эх үүсвэрээ бүрдүүлэх цаг аль хэдий нь болжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.