Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Флоридагийн шүүх 70 жилийн өмнө хилс хэрэгт хэлмэгдсэн дөрвөн хүнийг цагаатгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Флорида мужийн шүүх 70 жилийн өмнө хилс хэрэгт хэлмэгдсэн дөрвөн эрэгтэйг цагаатгах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

“Грүвлэндийн Дөрөв” гэж алдаршсан африк гаралтай дөрвөн залуу болох Эрнест Томас, Самуэл Шеферд, Чарльз Гринли, Уолтер Ирвин нар 1949 онд цагаан арьст эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож байсан юм.

Тухайн үед хэлмэгдсэн залуус 16-26 настай байжээ. Тэдний нэг Томасыг шерифийн эрэн хайх ажиллагаанд тусалсан сайн дурын хүмүүс 400 гаруй удаа буудаж амийг нь хөнөөсөн юм.

Орон нутгийн шериф Уиллис Маккол тэдний нэг Шефердийг буудан хөнөөж, Ирвинийг шархдуулж байжээ.

Сэжигтнүүд зугтах гэж оролдсон тул галт зэвсэг хэрэглэснээ шериф тухайн үед болсон шүүх хурлын үеэр мэдүүлж байв.

Амьд үлдсэн Ирвин, Гринли нарт оноосон цаазын ялыг сүүлд бүх насаар хорих ял болгон өөчилж байжээ. Гринли нь 1962 онд өршөөлөөр суллагдаж, 2012 онд нас барсан бол Ирвин өршөөлөөр суллагдсанаасаа хойш жилийн дараа 1969 онд нас барсан юм.

2017 онд Флорида мужийн хуулийн байгууллага албан ёсоор хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйж байв. 2018 онд мужийн ерөнхий прокурор Пэм Бонди хэргийг дахин шалгуулахаар хууль сахиулах байгууллагад шилжүүлж байжээ.

2019 онд Флорида мужийн захирагч Рон Десантисийн засаг захиргаа хэлмэгдэгсдэд өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан байна. Улмаар хэргийг дахин шалгахад тухайн үеийн дан цагаан арьстнуудаас бүрдсэн шүүгчдийн баг дөрвөн залуу хүчингийн хэрэг үйлдээгүйг анхнаасаа мэдэж байсныг баримтуудаар тогтоожээ.

Мөн Ирвин, Шеферд нарыг буудсан шериф Уиллис өөрийнхөө хууль бус мөрийтэй тоглоомд оролцсон баримтыг нуухын тулд амийг нь хөнөөсөн байж болзошгүй баримт олдсон байна.

Өөрөөр хэлбэл шериф зохиомол хүчингийн хэргийг ашиглан гэрчийг устгажээ.

Мөн Ирвиний өмднөөс олдсон үрийн шингэн түүнийг хүчингийн хэрэгт холбоогүйг лабораторийн шинжилгээгээр баталжээ. Ирвинийг анх мөрдөн шалгах үед уг баримтыг прокурорууд зориуд нуун дарагдуулсан юм байна.

Өчигдрийн шийдвэрийг хэлмэгдэгсдийн үр сад, төрөл төрөгсөд баярын нулимстай хүлээж авсан юм.

Томасын зээ хүү Аарон Ньюсон “Биднийг бурхан ивээж байна. Ийм боломж эдлээгүй олон хүмүүс бий. Өнөөдрийн үйл явдал тэднийг бүгдийг цагаатгах эхлэл байгаасай” гэж ярьжээ.

70 жилийн өмнөх уг хэргийн түүхээр “Devil in the Grove: Thurgood Marshall, the Groveland Boys and the Dawn of a New America” номыг бичиж, 2012 онд энэ бүтээлээрээ Пулицерийн шагнал хүртсэн Гилберт Кинг өчигдрийн арга хэмжээнд оролцсон байна.

Тэрбээр “72 жилийн өмнө шүүх хурал болж байсан давхрын яг доод давхарт өнөөдөр хэлмэгдэгсдийг цагаатгалаа” гэж хэлээд хэргийг дахин шалгах ажлыг удирдсан прокурор Билл Глэдсонд баяр хүргэжээ.

 

Эх сурвалж: Associated Press