Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүний тоо нэг жилийн хугацаанд анх удаа 100,000 давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-д мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүний тоо анх удаа 100,000 давсныг тус улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ тоо байнга нэмэгдэж байсан ч сүүлийн хоёр жилд огцом өссөн нь коронавирусийн цар тахал болон аюултай мансууруулах бодисын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж албаныхан дүгнэсэн байна.

Тухайлбал өнгөрсөн нэг жилийн хугацаанд тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүний тоо өмнөх жилээсээ бараг 30 хувиар өсөж, 100,300-д хүрчээ.

Нэг талаас фентанил хэмээх опиоид төрлийн үхлийн аюултай мансууруулах бодисын хууль бус нийлүүлэлт нэмэгдсэн, нөгөө талаас мансууруулах бодис хэрэглэгчид цар тахлын улмаас эмчилгээ, тусламж авах боломжгүй болсон нь үхлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Тун хэтрүүлэлт нь автын осол, галт зэвсэг, ханиад томуугаас илүү олон хүний үхлийн шалтгаан болсныг сүүлийн үеийн албаны тоо баримт харуулжээ. Тодруулбал Америкчуудын үхлийн долоо дахь гол шалтгаан болдог чихрийн шижинтэй нэг түвшинд хүрсэн байна.

Дээр дурдсан тоо нь 2020 оны тавдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацааг хамарчээ.

Календарийн жилээр харвал 2020 онд 93,000 хүн тун хэтрүүлсэн шалтгаанаар амиа алдаж байсныг АНУ-ын эрүүл мэндийн байгууллага CDC мэдээлсэн байдаг. Харин өнөөдрийн байдлаар 2021 оны тоо 98,000 хүрээд байгаа бөгөөд он дуусахад 100,000 давах нь тодорхой болжээ.

Фентанил нь таван жилийн өмнөөс геройныг гүйцэж, Америкчуудын тун хэтрүүлсэн үхлийн гол шалтгаан болсон байдаг.

Уг мансууруулах бодисыг Мексикийн хар тамхины картелиуд үйлдвэрлэж, АНУ-д хууль бусаар нэвтрүүлдэг юм.

 

Эх сурвалж: AFP