Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчуудын сүйтгэсэн ханын зургийг Японы эрдэмтэд дижитал технологийн тусламжтай хувилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Талибаны дэглэмийн үед сүйтгэсэн эртний ханын зургийг Японы эрдэмтэд орчин үеийн дижитал технологийн тусламжтай сэргээснийг эх хувиасаа бараг ялгагдахгүй “супер хуулбар” гэж нэрлэжээ.

2001 онд Афганистаны Бамьяны хөндийд байрладаг Буддагийн хоёр том хөшөөг уг ханын зургийн хамт Талибанчууд дэлбэлсэн юм.

Энэ дэлбэрэлтийн дараа долдугаар зууны үед бүтээсэн ханын зургаас хэлтэрхий ч үлдээгүй гэдэг. Харин Японы эрдэмтэд уг зургийн хуулбарыг олон жилийн хөдөлмөрийн үр дүнд сэргээн босгосноо Токио хотын музейд үзүүлж байна.

Зургаан метр урт, гурван метр өндөр хэмжээтэй ханын зургийг эх хувиас нь ялгахын аргагүй сэргээн босгосноо Токиогийн Урлагийн Их сургуулийн судлаачид “супер хуулбар” (super clone) гэж нэрлэжээ.

Япон улс нь Афганистаны гол хандивлагч орнуудын нэг бөгөөд Бамьян дахь Буддын шашны эртний дурсгалуудыг хамгаалахад хамгийн их анхаарал тавьдаг. Исламын шашнаас өмнө Афганистаны нутагт эрт цагт Буддын шашин хүчтэй дэлгэрч байсан гэдэг.

Судлаачид эхлээд ханын зургийг сүйтгэхээс өмнө Японы археологичдын авсан 100 гаруй гэрэл зургийг компьютерт оруулж, загварыг нь гаргасан байна.

Дараа нь уг загвараа тусгай хөөсөн хавтан дээр бодит хэмжээгээр сийлж буулгах ажлыг робот техникээр гүйцэтгэжээ.

Ингэхдээ эх хувийн өнгөтэй яг ижил будгийг уламжлалт аргаар гаргаж авсан байна. Талибаны дэглэм 1996-2001 онд Афганистанд тогтож байх үед буруу номтны шүтээн гэсэн шалтгаанаар эртний Буддын шашны дурсгалуудыг эвдэн сүйтгэж байв.

Энэ оны наймдугаар сард АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа Талибанчууд дахин засгийн эрхэнд гараад байгаа. “Үлдсэн түүхэн дурсгалуудыг дахин сүйтгэх вий гэдэгт миний санаа их зовж байна” гэж ханын зургийг сэргээх багийн ахлагчдын нэг, түүхч Косаку Маеда ярьж байна.

88 настай Маеда сүүлийн хагас зуун жилийн хугацаанд олон удаа Бамьяны хөндийд очиж, судалгааны ажил хийж байжээ. Буддагийн хоёр хөшөө байсан газрыг Талибаны зэвсэгт харуул хамгаалж байгааг энэ оны аравдугаар сард Бамьянд очсон хүн мэдээлсэн байна.

Энэ нутгийн түүхэн дурсгалуудыг сэргээн засварлах $20 саяын төсөл Юнескогийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа. Гэвч Талибанчууд Афганистаны засгийн эрхийг авсантай холбоотой энэ төслийн ажил саатсан байна.

 

Эх сурвалж: AFP