Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.6%-аар өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсжээ. 

Энэ талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар болон бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт нөлөөлсөн. Төсөв дээр НӨАТ-ын татвар 26 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Гуравдугаар улиралд өмнөх улирлаас ДНБ 0.4 хувийн өсөлттэй гарсан. Эцсийн ашиглалтын аргаарх ДНБ 2021 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байгаа. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө" гэв.

 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4 (48.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 (41%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 12.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.7 (52.5%) их наяд төгрөгөөр буурчээ. 

Татварын нийт орлого эхний арван сард урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (37%) их наяд төгрөгөөр өссөн байна. ийнхүү өсөхөд 

  • Орлогын албан татвар 1.2 (69.8%) их наяд төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 470.6 (37.3%) тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 453.6 (24.8%) тэрбум төгрөг,
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 172.7 (27.6%) тэрбум төгрөг,
  • Гадаад үйл ажиллагааны орлого 152.9 (24.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн гэдгийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэллээ. 

Инфляц энэ оны эхний аравдугаар сард 9.7 хувь гарсны 47.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 5.7 нэгж хувиар нэмэгдсэн аж. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMGL/videos/203236941958527
Зураг
10 | 6 | 4 цаг