Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

22 их дээд сургуулийн 2,881 оюутан коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
22 их дээд сургуулийн 2,881 оюутан коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунгийн хамрагдалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1,191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа.

Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Өнөөдрийн байдлаар  Баянголд тав,  Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн  байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2,881 оюутан, 87 байгууллагын 8,597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1,139 хүнийг дархлаажуулаад байна" гэлээ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262,284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба  хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  

Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн  дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа аж.