Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жулиан Ассанж шоронд гэрлэлтээ батлуулах зөвшөөрөл авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Жулиан Ассанж шоронд гэрлэлтээ батлуулах зөвшөөрөл авчээ
Sara, ikon.mn - text to speech

Wikileaks сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж сүйт бүсгүй Стелла Мористой шоронд гэрлэлтээ батлуулах зөвшөөрлийг эрх баригчдаас авсан байна.

Тэрбээр одоо Их Британийн Белмарш шоронд хоригдож байгаа юм. Шоронгийн захиргаа Ассанжийн гаргасан хүсэлтийг ёсоор болгосон байна.

Өмнөд Африкт төрсөн Стелла Морис нь хуульч мэргэжилтэй, 2011 оноос эхлэн Ассанжийн өмгөөлөгчдийн багт ажиллаж байгаа юм. 2015 онд Ассанж, Морис нар дотно харилцаатай болж, хоёр жилийн дараа сүй тавьж байв. Өнгөрсөн хугацаанд Морис Ассанжийн хоёр хүүг төрүүлжээ.

 

Тухайн үед Ассанж Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яаманд хоргодож байсан бөгөөд Морис өдөр бүр түүнтэй уулзахаар элчин сайдын яаманд очдог байсан ажээ.

Одоо 50 настай Жулиан Ассанж өөрийг нь Их Британиас АНУ-д шилжүүлэх шийдвэрийг цуцлуулахаар шүүх дээр заргалдаж байгаа.

Афганистан, Иракийн дайнтай холбоотой нууц материалуудыг 2010 оны дөрөвдүгээр сард Wikileaks сайтаараа нийтэд тараасан Ассанжийг АНУ-ын прокурор тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан юм.

Түүний тараасан материалд олон ноцтой баримт байсны дотор Америк цэргүүд Иракт нисдэг тэрэгнээс энгийн иргэд рүү гал нээж буйг харуулсан бичлэг байжээ.

Тухайн үед Швед улс Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж, Их Британиас шилжүүлж авах хүсэлт гаргаад байв. Хэрвээ Шведэд шилжвэл Ассанжийг цааш АНУ руу шилжүүлэх магадлалтай болсон юм.

Тиймээс тэр 2012 оноос 2019 оны хооронд Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яаманд толгой хоргодож байжээ. 2019 онд Британийн цагдаа нар Ассанжийг батлан даалтын нөхцлийг зөрчсөн шалтгаанаар элчин сайдын яамнаас баривчилж, Белмаршийн шоронд шилжүүлж байв. Швед улс сүүлд түүнд тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 

Эх сурвалж: BBC