Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian компанийн хувьцааны үнэ эхний өдрөө 37 хувиар өслөө

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Америкийн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Rivian компани хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр зарж эхэлжээ.

Арилжаа эхэлмэгц тус компанийн хувьцааны ханш 37 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $100 тэрбумд хүрсэн байна.

Ингэснээр Rivian зах зээлийн үнэлгээгээр АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн дотор Tesla-гийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Тус компани цахилгаан хөдөлгүүрт пикап, VAN, SUV загварын автомашинууд үйлдвэрлэх зорилготой ажилладаг. Эхний бүтээгдэхүүн болох пикап загваруудаа өнгөрсөн есдүгээр сард борлуулж эхэлжээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд $2 тэрбум гаруй алдагдалтай ажилласан хэдий ч Rivian томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа.

Тухайлбал онлайн худалдааны аварга компани Амазон түүний 20 хувийг эзэмшдэг. Бас VAN загварыг нь бараа түгээлтдээ ашиглахаар 100,000 ширхгийг урьдчилж захиалсан юм. Америкийн домогт автомашин үйлдвэрлэгч Ford компани бас Rivian-д хөрөнгө оруулсан байна.

Нээлттэй компани болохынхоо өмнө Rivian хөрөнгө оруулагчдаас $11.9 тэрбумыг цуглуулаад байжээ.

Улмаар өчигдөр Rivian АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том 10 IPO (initial Public Offering)-ийн нэгээр тодорсон байна.

Rivian компани 2009 онд Mainstream Motors нэртэй анх байгуулагдаж, 2011 онд одоогийнхоо нэрийг авсан юм.

Rivian нь “Indian River” гэсэн үгнээс гаралтай нэр юм байна. Үүсгэн байгуулагч нь эхлээд спорт загварын автомашин үйлдвэрлэх зорилготой байсан ч сүүлдээ том оврын автомашинуудад үйл ажиллагаагаа чиглүүлжээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-д цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдийн үнэлгээ эрчимтэй өсөж, өрсөлдөөн ширүүсэж байна. 2009 онд Tesla анх хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахад нэг бүр нь $17-оор үнэлэгдэж, компанийн үнэлгээ нь $1.5 тэрбумд хүрч байв.

Өнөөдөр тус компанийн нэгж хувьцаа $1,000 гаруй үнэтэй болж, зах зээлийн үнэлгээ нь $1 их наядыг даваад байна.

 

Эх сурвалж: BBC