Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Польш, Беларусийн хил дээр мөргөлдөөн гарахад ойрхон байгааг анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Беларусийн талаас хууль бусаар хил зөрчих гэсэн олон зуун дүрвэгчийн урсгалыг зогсоосноо Польшийн засгийн газар мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа зориуд дүрвэгсдийн урсгал үүсгэхээ зогсоохыг Беларусийн эрх баригчдаас шаардаж, Европын Холбоо үүнийх нь хариуд Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Европын Холбооноос тавьсан хоригийн хариуд Ойрх Дорнодын дүрвэгчдийг нутгаараа дамжуулан Польш руу нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж байгаа гэж өрнөдийнхөн буруутгадаг.

Өчигдөр NATO бас дүрвэгчдийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байгаа Минскийн эрх баригчдыг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

“Манай цэрэг, цагдаагийн хүч хил зөрчих гэсэн эхний томоохон оролдлогыг зогсоож чадлаа. Дүрвэгчид одоо Кузника орчимд буудаллаад байна. Тэднийг Беларусийн хилийнхэн тогтмол хянаж байгаа. Бид нөхцөл байдал яаж ч эргэхэд бэлтгэлтэй байна ” гэж Польшийн дотоод хэргийн сайд  Мариуш Камински твиттер хуудсандаа өчигдөр мэдээлсэн байна.

Польш улс хил дээрх цэрэг, цагдаагийн хүчээ нэмэгдүүлж байгааг тэр бас мэдэгджээ.

Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пётр Мюллер сэтгүүлчидтэй уулзахдаа хилийн орчимд нийтдээ 3,000-4,000 орчим дүрвэгч бөөгнөрөөд байгааг хэлсэн байна.

“Хил давах гэсэн хууль бус оролдлого цаашдаа өргөжиж, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж бид үзэж байна” гэж тэр анхааруулжээ.

Мюллер хил дээрх хямралыг Беларусийн тусгай албаныхан зохион байгуулж байгаа хэмээн буруутгасан байна.

Минскийн эрх баригчид Ирак болон Ойрх Дорнодын бусад улсуудаас ирэх дүрвэгчдэд тусгай виз олгож эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Ийм замаар Лукашенкогийн дэглэм Европын Холбоонд дарамт шахалт үзүүлэхийг зорьж буй бололтой.

Дүрвэгчдийг Беларусийн хилийнхэн Польшийн нутаг руу хүчээр шахдаг, Польшийн тал тэднийг Беларусийн нутаг руу буцаадаг гэсэн мэдээлэл ирж байгаа. Ийнхүү хоёр улсын хил дээр гацсан дүрвэгчдийн дотроос өнгөрсөн хугацаанд 10 хүн Польшийн талд нас барсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP