Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Помпей хотын орчмоос боолуудын өрөө бүрэн бүтнээрээ олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Эртний Ромын Помпей хотын ойролцоох тосгоны балгаснаас бүрэн бүтнээрээ үлдсэн боолуудын өрөө олдсон тухай Италийн археологичид өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Помпей хот Нийтийн Тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн үеэр үнс нурманд бүхлээрээ булшлагдсан юм. Олдвор илэрсэн газар нь Помпей хотын баруун хойд хэрэмнээс 700 орчим метрийн зайд орших Чивита Жулиана нэртэй тосгон юм байна.

Бараг жилийн өмнө энэ тосгоны гудамжнаас боол, боолын эзэн хоёрын нүүрсэжсэн цогцос олдож байв.

Боолуудын өрөө 16 м.кв талбайтай, байгалийн гэрэл, агаар нэвтрэх маш жижиг нэг цонхтой, ханандаа ямар ч зураг чимэглэлгүй байжээ.

Өрөөнд гурван модон ор байсныг нэг нь жижиг хэмжээтэй хүүхдийн ор байв. Боолууд амьдрахаас гадна уг өрөө агуулахын зориулалттай байсан нь доторх эд зүйлсээс харагдаж байжээ.

Тухайлбал сүйх тэрэгний арал, вааран сав суулгууд олноор олдсон байна. Эзэн гэр бүлийнхнийг боолууд сүйх тэргээр зөөдөг байсан гэж судлаачид таамаглажээ.

“Археологич хүний хувьд энэ бол миний амьдралдаа нээсэн хамгийн онцгой олдворуудын нэг байлаа. Хэдийгээр үнэт эд зүйлс эндээс олдоогүй ч хамгийн онцгойд тооцогдоно. Эртний нийгмийн хамгийн доод давхаргын хүмүүс ямар нөхцөлд амьдарч байсныг бодитой нээсэн нь энэ олдворын хамгийн гол үнэ цэнэ юм” гэж Помпейн археологийн паркийн захирал Габриел Зуктригель хэвлэлд ярьсан байна.

Чивита Жулиана тосгоны малтлага 2017 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн сонирхолтой олдвор илэрсэн юм.

Эх сурвалж: The Guardian